Ж.Сүхбаатар: Хуралдаанд суухыг хязгаарласнаас мэдээлэл олж авах  эрхийг хориглоогүй
2011.01.05

Ж.Сүхбаатар: Хуралдаанд суухыг хязгаарласнаас мэдээлэл олж авах эрхийг хориглоогүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа

-Та байнгын хорооны даргаар сонгогдоод удаагүй. Анхаарал хандуулахуйц ямар асуудал байна вэ

-Байнгын хорооны даргаар томилогдоод арав хоноогүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн учраас хэлэлцэж буй асуудал, хуулийн төслүүдийг сайн мэднэ. Асуудалтай танилцахад хугацаа их шаардагдахгүй. Анхаарал хандуулах асуудал бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл. УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн үндсэндээ саналд нэгдсэн боловч амаргүй зүйл бас бий. Намрын чуулганы хугацаанд хэлэлцүүлж батлуулахын төлөө хичээнэ. УИХ-ын гишүүдтэйгээ энэ талаар ойлголцож, санал бодлоо хуваалцан дэмжлэгийг нь авч ажиллана. Нам дугуйлах уу, хүний нэрийг дугуйлах уу гэдэг дээр санал нэгдээгүй ч зохицуулах боломжтой гэж үзэж байгаа.

-Та сонгуулийн одоогийн тогтолцоог өөрчлөх талаар байр сууриа идэвхтэйилэрхийлдэг байсан. Байрсуурь тань өөрчлөгдөөгүй биздээ?

-Би сонгуулийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт багтсан. Намын бүлгүүд, ажлын хэсгийнхэн холимог тогтолцоотой байхаар санал нэгдсэн. Хувилбар ямар байх талаар хувь хүний тодорхой байр суурь бий. Гэхдээ байнгын хорооны дарга учраас хувийн байр суурь илэрхийлэхээс илүүтэй гишүүдийнхээ саналыг хүндэтгэнэ.

-Байнгын хорооны дарга болсон даруйдаа батлуулсан анхны хууль тань Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль. Хэлэлцүүлгийн үеэр ойлгомжгүй олон асуудал гарсан ч оны өмнөхөн шууд л баталж орхисон. Хэр зэрэг хууль болсон бэ?

-Энэ хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд өнөө маргаашгүй ёсчилно. Парламентын түүхэнд байхгүй ховор үйл явдал болсон. Гадаад улс орнуудаас манайх шиг Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай нь ховор. Ө.Энхтүвшин дарга хуулийн төсөл дээр их идэвх зүтгэлтэй ажилласан. Маш сайн хууль болсон гэж дүгнэнэ.

-УИХ-ын дэгийн тухай хуулийг энэ оноос мөрдөж эхэлснээр хэвлэлийнхнийг байнгын хорооны хуралдаанд оруулахгүй боллоо. Энэ нь сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг тодорхой хэмжээнд зөрчиж байна шүү дээ.

-Чуулганы нэгдсэн хуралдаанаас бусад байнгын хорооны хуралдаанд зөвхөн сэтгүүлчид биш УИХ-ын Тамгын газар болон намын бүлгүүдийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийг оролцохыг хязгаарласан. Сэтгүүлчийг байнгын хорооны хуралдаанд орж суухыг хязгаарласан болохоос мэдээлэл олж авах эрхийг нь хориглоогүй. Хэвлэлийнхнийг мэдээллээр хангах үүргийг байнгын хорооны дарга, цөөнх болсон гишүүдийн төлөөлөл хүлээнэ. Мөн байнгын хорооны хуралдааны протокол ч нээлттэй. Хэн гэдэг гишүүн юу хэлснийг бичиж сайтад тавина. Цаашид УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн хэлтсийнхэн байнгын хорооны хуралдааныг бичлэгээр бүтэн авч, олон нийтэд тэгш хүртээмжтэй хүргэх боломжтой. Ийм ажил зохион байгуулж болно.

-Гэвч сэтгүүлч байнгын хорооны хуралдааныгсурвалжилж хүргэхэд иймүйл ажиллагаа хангалтгүй.Ганц эх сурвалжаас авсан мэдээлэл албархуугаас гадна үнэн бодит эх сурвалж болж чадахгүй?

-Олон улсын жишгээс үзэхэд парламентын засаглалтай оронд байнгын хорооны хуралдаан нь шийдвэр гаргах гол хэлэлцүүлгийн шат байдаг. Хөндлөнгийн нөлөөлөлгүй, ажил хэрэгч орчин бүрдүүлж өгөх ёстой. Мэдээллийн эрх чөлөөг боомиллоо гэж ярьж болохгүй. Засгийн газрын хуралдаан хаалттай л болдог. Завсарлагаанаар сайд нар нь ээлжилж хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өгдөг. УИХ-ын гишүүдийн төвшинд энэ асуудал олон удаа яригдсан. Манай парламентыг хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөг талаас нь бусад оронтой харьцуулбал харин ч эрх чөлөөтэй. Ганцхан манай улс ч ийм хуультай биш. Цөөнгүй оронд адил хууль үйлчилж байгаа. Парламент ардчилсан байх эсэх шалгуурыг хэн дуртай нь байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт оролцох эсэх шалгуураар хэмжихгүй. Үйл ажиллагааны явц байдал, мэдээлэл олж авах эрхийг хязгаарласан эсэхээр дүгнэнэ. Баталсан хуульд хүн бүхэн дуртай байх албагүй, дургүйцлээ илэрхийлж болно. Байнгын хорооны хуралдааны үеэр сэтгүүлчид гишүүдээс асуулт асуудаггүй, хуралдаанд оролцдоггүй шүү дээ. Бас мэдээллийг олон нийтэд жигд хүртээмжтэй байдлаар хүргэдэггүй. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн үндсэн асуудлаас буруу ойлголт, ташаа мэдээллийг нийтэд түгээх тохиолдол гардаг. Чуулганы нэгдсэн хуралдаан, хамгийн үр ашигтай асуудлыг хэлэлцэх явцад хоёр гишүүний хооронд маргаан дэгддэг. Гишүүдийн маргааныг бүх телевиз гаргадаг. Хэлэлцсэн асуудлын бодит байдлыг хүргэхээсээ ингэж гаждаг. Хэвлэлийнхэн шударга ёсонд нийцэхгүй гээд асуудлаа тодорхой тавьж байгаа бол юу хэлэх вэ. Ямар боловч "хууль батлагдсан цаг хугацаандаа мөрдөгдөх ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.