Ж.Сүхбаатар: УИХ Үндсэн хууль зөрчихөөр шийдвэр гаргаагүй
2011.01.11

Ж.Сүхбаатар: УИХ Үндсэн хууль зөрчихөөр шийдвэр гаргаагүй

УИХ-ын дэгийн тухай хуульд заасан хоёр заалтыг өөрчлөх эсэх асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан юм.  Тус ажлын хэсэг өчигдөр хуралдсан тул энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас тодрууллаа.

-Ажлын хэсгийн хурал­даанаас гаргасан шийд­вэрийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Ажлын хэсэг хараахан дүгнэлтээ нэгтгээгүй байна.  Ажлын хэсгийн зарчим бол хувилбаруудаа боловсруулна. Одоо техникийнхэн энэ ажлыг хийж байна. Ажил дуусахаас өмнө саналаа нэгтгээд, УИХ-ын даргад асуудлаа танилцуулах ёстой. Үүний дараа мэдээлэл өгөх боломжтой болно. Бидний хувьд хугацаа шахуу, нэгдүгээр сарын 11-ний дотор асуудлыг оруулж ир гэсэн учраас бичиг баримтын хувьд томъёолох асуудал явж байна.

-Тэгвэл ажлын хэсгийн төвшинд одоогоор санал зөрөлдөж буй ямар асуудал байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэгийн тухай хуулийг санаачлагчид багтчихсан байгаа шүү дээ?

-Ажлын хэсэг дээр санал зөрсөн юм алга. Урьд нь удаа дараа хэлж байсан. УИХ үндсэн хууль гэдэг юм уу, бусад хуульд харшлахаар шийдвэр гаргасан гэж үзэхгүй байгаа. Та бүхэн алдаа гаргалаа гэж үзэж байгаа. Хамгийн гол нь нөхцөл байдлаа авч үзээд ямар шийдэл одоогийн нөхцөлд зөв байна вэ, асуудлаа яаж шийдэх ёстой вэ, цаашдаа асуудлыг хэрхэн зохицуулах ёстой юм бэ гэдэг дээр санал бодлоо солилцсон.  

-Парламентын сэтгүүл­чид байнгын хороодын ху­рал­дааныг нээлттэй бол­гохыг хүсч байгаа. Та хувь гишүүнийхээ хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Нээлттэй хуралдаан гэж юу вэ, та мэдээллийн эрх чөлөөг юу гэж ойлгодог вэ, ямар тохиолдолд мэдээлэл хаалттай болдог вэ гэдгийг хариулж үзмээр байна. Та бүхэн мэдээлэл олж авах тал хаалттай болсон гэж тайлбарлаад байгаа. Тухайн үйл явдлыг сэтгүүлч өөрийн нүдээр хараагүй, биечлэн байлцаагүй бол мэдээлэл авах эрх хаагдсан гэж үзэх үү, үгүй юу гэдэг асуудал гарч байгаа. Бидний баталсан хуулийн зохицуулалтаар байн­гын хорооны хуралдаанд биеч­лэн өөрөө байлцахгүй байх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл авч орох асуудлыг хязгаарласан. Түүнээс байнгын хорооны хуралдааны проткол дэлгэрэнгүй, олон нийтэд нээлттэй. Протколыг олж авахад ямар ч хязгаарлалт байхгүй.  Хоёрдугаарт, цаашид зохион байгуулахаар төлөвлөсөн ажил нь хуралдааныг хэсэгчлэн таслах биш, нэг камераар АНУ-ын конгресс шиг нээлттэй бичиж аваад олон нийтэд нээлттэй байлгах. Өөрөөр хэлбэл, хуралдааныг заавал сэтгүүлчээр дамжуулахгүйгээр шууд парламентыг  эх сурвалжаа болгох бололцоог бүрдүүлчихсэн байсан. Тэгэхээр мэдээлэл авах боломж Үндсэн хуулиар хязгаарласан байсан уу, гэвэл хязгаарлаагүй. Бидний тавьсан асуудал бол тухайн байнгын хорооны хуралдаанд сэтгүүлч биечлэн оролцоод, 10, 20-н  камер бариад явах биш. Нэгдсэн журмаар бичлэгээ хийгээд явж болдог, яг энэн дээр мэдээлэл авах эрх ямар байдлаар хаагдчих вэ. Мэдээллийг шууд болон шууд бус хэлбэрээр олж авч болдог. Нээлттэй байдал гэж юу юм бэ гэхээр биечлэн сонсох төдийгүй тухайн баримт бичигтэй танилцаж олж авахад саад учрахгүй байх явдал гэж ойлгож байгаа. Гэтэл энэн дээр ялгаа гарч, мэдээллийн нээлттэй байдал, ил тод байдал, мэдээлэл олж авна гэж юуг хэлж байгаа юм гээд ойлголтын зөрүү гарсан.

Дэлхийн олон оронд байнгын хорооны хуралдааныг сурвалжлах процесс бидний зохицуулснаар л зохицуулагддаг. Гуравдугаарт, хаалттай хуралдаан гэж юуг хэлдэг вэ гэхээр түүнд хэдхэн албан тушаалтан ордог. Бидний томъёолсоноос өөр, дээр нь нууцын дэвтэрт проткол бичигддэг. Хаалттай хуралдааны горим мэдээлэл авах эрхийг хязгаарласан байдаг. Харин бидний оруулж өгсөн заалтад байнгын хорооны хуралдаанд биечлэн оролцох, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл оруулахыг хязгаарласанаас бусад бүх тохиолдолд эдгээрийг хязгаарлаагүй, хориглоогүй.

-Гэхдээ энэ нь сэтгүүл­чид зөвхөн хуралдаан даргалагчийн үгээр олон нийтэд мэдээлэл дам­жуулахаар болж хувирч бай­гаа шүү дээ, яг бүлгийн ху­ралдаан шиг?

-Мэдээллийн эрх чөлөө хяз­гаарлагдаад байгаа орнууд энэ дагуу явдаг, гэхдээ хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ парламентын ардчилал нь өндөр төвшинд гэж үнэлэгдээд явж байгаа шүү дээ.

-Мэдээллийн технологи нь өндөр хөгжчихсөн, орчин нөхцлийг нь бүрдүүлчихсэн оронд ийм аргаар сэтгүүлчид нь ажилладаг. Монголын парламент ийм нөхцлийг бүрдүүлж чадаагүй шүү дээ?

-Бид ч гэсэн орчинг бүрдүүлж ажиллахаар тооцож, энийг хийсэн.

-Яагаад яриад байгаа орчноо бүрдүүлчихээд, ийм заалт оруулж болоогүй юм бэ.
Тухайлбал, УИХ-ын дэгийн тухай хуулийг хэдэн хувийн саналаар батлав гэдэг дүнг олж авах гэж хоёр хоног хөөцөлдөж байх жишээний. Энэ асуудлыг нээлттэй авч хэлэлцсэн. Гэтэл та иргэн хүн ч байнгын хорооны протколтой танил­цах боломжтой гээд байна?


-Таны тавьж байгаа шүүмжлэл бол ажлын өдрүүдтэй холбоотойгоор мэдээлэл гараагүй байх. Хууль тогтоогчдын буруу биш.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.