Д.Сарангэрэл: Хавдар болон халдварт бус өвчний тархалтад анхаарал хандуулна
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөнийг “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт” уриан дор өчигдөр эхлүүлэв.
Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдын төлөвлөгөөний талаар удирдах ажилтнууд санал солилцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Манай салбарын энэ жилийн уриа олон санаа агуулсан.
Тодруулбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус бүх байгууллага иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хамтарч ажиллах ёстой. Учир нь, иргэдийн эрүүл мэндийн нөхцөл байдал бүх салбараас хамаарч байна. Мөн иргэн эрүүл мэндийн даатгалыг тухай бүрт нь төлснөөр тусламж үйлчилгээг цаг алдахгүй авна. Салбарын тулгамдсан асуудлын нэг бол хавдар. Жилд 5000 хүн хавдраар өвчилж, 4000 гаруй хүн амь насаа алдаж байна. Сүүлийн хэдэн жил халдварт бус өвчний асуудлыг орхигдуулсан тал бий. ДЭМБ, олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар Монгол Улсын хүн амын 40-65 насны 700 гаруй мянган хүний 50 хувь нь зүрх судас, чихрийн шижнээр өвдөж, даралт нь ихэсдэгийг тогтоосон. Хэрэв одооноос урьдчилан сэргийлэхгүй бол 350 мянган хүн архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос үүдсэн эрсдэлд орох нөхцөл байдал үүснэ. Тиймээс эдгээр асуудалд онцгойлон анхаарал хандуулна” гэв.
Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн томоохон олон ажлын нэг нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр бөгөөд С вирусийн халдварын эсрэг эмчилгээнд нийт 20 гаруй мянган хүнийг хамруулсан байна. Мөн
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулж, “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн үйл ажиллагааг сэргээсэн.
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хэд хэдэн хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахын зэрэгцээ ерөнхий боловсролийн сургуулийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг албан ёсоор оруулахаар шийдвэрлэсэн талаар салбарын сайд танилцууллаа.
Түүнчлэн эрхтэн шилжүүлэх хагалгааны зардалд улсын төсвөөс 700 сая төгрөг батлуулж, элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх 17 хагалгаа хийснийг дурдав. 2017-2018 оны өвөлжилт, зуд, байгалийн гамшгийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангах зорилгоор сумын эрүүл мэндийн төвд нийт 43 автомашин олгосон бөгөөд энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх юм байна. Гемодиализын тусламж, үйлчилгээний төлбөрийг төрөөс 100 хувь санхүүжүүлдэг болсноор өнөөдрийн байдлаар 670 гаруй хүнийг хамруулаад байгаа аж.
АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ОЙРТУУЛНА
Энэ онд дэвшүүлж буй зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар салбарын сайд танилцууллаа. Нэн түрүүнд анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, ард иргэдэд ойртуулах чиглэлд анхаарч ажиллах юм байна.
Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлж үзлэгт хамрагдаж чадаагүй 40-65 болон 15-39 насны 1.2 сая иргэнд үзлэг шинжилгээ хийхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна Монгол Улсын бүх иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, “Эрүүл шүд-эрүүл хүүхэд" хөтөлбөр хэрэгжүүлэх, царцсан барилгын ажлыг үргэлжлүүлэн ашиглалтад оруулах, гаднын зээл тусламжаар хэрэг-жүүлж буй төсөл хөтөлбөрийг хөдөлгөж, үр ашгийг дээшлүүлэх, эрүүл мэндийн улмаас иргэдэд ирэх санхүүгийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн байна.Түүнчлэн гадаад руу эмчилгээнд явагсдын тоог бууруулах, эмийн чанар аюулгүй байдлын баталгааг хангах Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94,12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байгаа учир үүнд анхаарал хандуулахгүй бол эрсдэлтэй үе бий болох суурийг тавьж магадгүй аж. Шүдний өвчлөл 200 гаруй өвчний эмгэг үүсгэдгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон тул шүд цоорох өвчинтэй тэмцэж, урьдчилан сэргийлснээр чих хамар хоолойн үрэвсэлт болон эрүү, нүүрний мэс засал, амьсгалын замын өвчний дам шалтгааныг бууруулах юм байна. Үүнээс гадна осол гэмтлээр нас барж буй иргэдийн 14.4 хувийг тав хүртэлх насныхан эзэлдэг бөгөөд эдгээрийн 76.5 хувь нь түлэгдэлтийн шалтгаанаар амь насаа алджээ. Иймд осол гэмтлийн асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатайг салбарын сайд онцлов.