Д.Сумъяабазар: "Роснефть" компаниас бидний талд ашигтай шийдвэр гарах байх
2018.02.12

Д.Сумъяабазар: "Роснефть" компаниас бидний талд ашигтай шийдвэр гарах байх

УУХҮЯ-наас ээлжит хурлаа хийсэн юм. УХҮЯ өнгөрсөн онд  45.1 сая тонн нүүрс, 1.3 сая зэсийн баяжмал олборлосон байна. Уул уурхайн салбар аж үйлдвэр дотроо 86 хувийг эзэлж байгаа юм. Нүүрсний олборлолт өсчээ. Он гарсаар улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа аж.

Зарим хуулиудын давхардалтыг арилгаснаар гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх эерэг нөхцөл үүснэ гэж үзэж байгаа. Яамны зүгээс Уул уурхайн салбарын багц хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хавраас эрх зүйн ойлгомжтой байдлыг бий болгоно. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байгааг салбарын сайд онцоллоо.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад нефть импортлогчид АИ-92, А-80 автобензиний үнийг нэмчихлээ. Үнийн бодлого цаашид ямар байх вэ. Мөн Роснефть компанитай уулзаж асуудлуудаа ярьсан юм уу?

АМГТГ-ын орлогч дарга Л.Раднаасүрэн: -Огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж, үнээ 20-30 төгрөгөөр нэмсэн. Компаниуд тухайн үедээ бидэнд мэдэгдсэн. Шатахууны татварыг тэглэснээр төсвөөс 60 тэрбум төгрөг дутаж байгаа. Тэтгэвэр нэмэхэд Засгийн газраас энэ хэмжээний мөнгө төсвөөс гаргасан. Компаниудын татварыг хөнгөлөөд үнийг нэмүүлэхгүй байвал төсвийн халамжийн зардлууд дутагдах магадлалтай.

УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат: -Өнгөрсөн оноос хойш газрын тосны үнэ тасралтгүй өсч ирлээ. Одоо аажмаар буурч байна. Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Цаашид жижиглэн борлуулах үнийг тогтвортой барих бодлогыг төрөөс барина. Нөөц, хангамж таслалдахгүй.

-"Роснефть" компанитай хийж буй уулзалтаас ямар үр дүн гарсан бэ?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: "Роснефть" компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарна гэж харж байгаа. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлье. Ер нь бидний талд ашигтай байх шийдвэрүүд гарах байх. Яг хичнээн төгрөгөөр, хэдэн хувийн нааштай нөхцөл тавихыг бид эргээд мэдээлэх болно.

-"Оюу толгой" компани ногдол ашиг хуваарилж байгаа гэсэн. Монголын тал хэзээ ногдол ашгаа авах вэ?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: -66 хувь дээр ногдол ашиг хуваарилж байгаа гэж ойлгосон. 34 хувь хэзээ ногдол ашгаа авах вэ, ногдол ашгаа авахын тулд бид өгөөжөө нэмэгдүүлэх, хүүгийн зардлыг бууруулах тал дээр санал солилцоод, бодлогын түвшинд ойлголцоод явж байгаа.

-"Оюу толгой" компанид татварын акт тавьсан асуудал дээр байр сууриа илэрхийлнэ үү?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: -Татварын акт тавигдах нөхцлүүд оны өмнө яригдаад явж байсан. Мэдээж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бол татвараа төлөх л ёстой гэсэн байр суурьтай байна.

 Т.БАТСҮРЭН