2018.02.20

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өдгөө нас сүүдэр 100 зооглож яваа Д.Норовд хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр Монгол Улсын өндөр настнуудын нэг буюу өнөө жил 100 насны сүүдэр зооглож байгаа Д.Норов гуайн амар мэндийг мэдэн золгож, хүндэтгэл үзүүллээ. 

Норов гуай 1918 онд Халхын Сайн ноён хан аймгийн Цогтой гүн Лха Дашдоржийн хошуу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт Дандардоржийн 11 хүүхдийн 7 дугаар охин болж төржээ. Түүний эцэг Дандардорж төрийн дуучин цолтой хишиг дуучин явсан хэмээн нутаг хошуундаа алдартай нэгэн байсан бол охин Норов нь ч мөн аавынхаа эрдэм чадлаас чамгүй өвлөн авч, үр хойчдоо өвлүүлэн яваа азай буурлуудын нэг юм.