Ц.Даваасүрэн: Оюутолгойд цахилгаан станц барих гэрээг цуцлаагүй
2018.02.21

Ц.Даваасүрэн: Оюутолгойд цахилгаан станц барих гэрээг цуцлаагүй

Монгол Улсын Засгийн газар 2014 онд "Оюутолгой” компанитай байгуулсан "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцлах саналаа тус компанид хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюутолгой” компани 2017 оны долоодугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор “Оюутолгой” төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ дотоодын гурван эх үүсвэрээс хангана гэж заасан. Үүнд, хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс сонгох байсан.

Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2014 оны наймдугаар сард байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г хууль бусаар байгуулж, дотоодоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн байгаа юм. Уг нь Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан учир нэмэлт оруулахад ч УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Гэтэл УИХ-аар хэлэлцүүлэлгүй, Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг хүчингүй болгосон байсан. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль бусаар зурагдсан энэхүү гэрээг цуцлах саналыг хөрөнгө оруулагч талд илгээсэн” гэв.


Харин Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцалсан гэх мэдээлэл үндэслэлгүй гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцлов.

Энэ үеэр “Тавантолгойн цахилгаан станц” төслийн захирал Д.Батбилэг цахилгаан станцын төслийн явцын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Тавантолгойн цахилгаан станцын төсөл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ТЭЗҮ дууссан. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоодугаар сард эхлүүлэхэд бэлэн болсон. Хэрэв энэ онд барилгын ажпыг эхлүүлбэл дөрвөн жилийн дараа буюу 2021 онд дуусч ашиглалтад орно. Төслийн нийт өртөг нэг тэрбум ам.доллар. Станцын хүчин чадал нь 450 мВт. Хөрөнгийн баталгааг гол худалдан авагч “Рио Тинто” гаргах ёстой. Зээлдүүлэгчээр Япон, Солонгос улс болон дотоодын арилжааны банкууд оролцохоор төлөвлөөд байгаа. Үнийн хувьд Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний компаниас авч байгаа үнээс хямд. Тавантолгойн ордын эрчим хүчний нүүрсийг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээр манай улсын татвар болон бусад хүчин зүйлээр ашигтай. Зөвхөн Оюутолгойг бус Өмнөд бүсийн бүтээн байгуулалтыг эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. “Рио тинто” манай цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй" гэв.


“Оюутолгой” компани жилдээ 160 сая орчим ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас импортолдог. Цаашид энэ тоо өснө. Хэрэв цахилгаан станцын асуудлыг шийдвэл жил бүр 200 орчим сая ам.доллар дотооддоо үлдэх боломжтой юм байна.

Мэдээллийн дараа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газар энэ гэрээг хүчингүй болгосноор шууд хүчин төгөлдөр хэрэгжих үү. Нөгөө талаас хүлээн зөвшөөрөхгүй байх боломжтой юу?

-Боломжгүй. Засгийн газар шийдвэр гаргаснаас хойш гэрээ шууд хүчингүй болж байгаа. Хамтран ажиллах гэрээний 1.3-т зааснаар, “Эрчим хүчний хамтран ажиллах гэрээ” байгуулахаас өмнө хэдийд ч аль нэг тал нь нөгөө талдаа төслийн оролцоог цуцлах мэдэгдэл өгөх замаар Тавантолгойн цахилгаан станцын төсөл дэх оролцоог цуцалж болно гэсэн заалт бий. Энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд “Оюутолгой” ХХК заавал Монголоос эрчим хүч авах шаардлагагүй болж байгаа юм. Тиймээс Засгийн газар гэрээг цуцлах шийдвэр гаргасан.

-Ийм гэрээ хийснийг хэзээ мэдсэн юм бэ?

-Өнгөрсөн намар ажлаа авсныхаа дараа бүх төслийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Тавантолгойн цахилгаан станц төсөл яагаад явахгүй байна вэ гэдгийг судпах явцад энэ гэрээг мэдсэн.

-“Оюутолгой” компаниас гаргасан мэдэгдэлд уурхайн талбайд цахилгаан станц барих сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн байсан?

-Станц барих гурван хувилбар бий. Өөрсдөө барих, Тавантолгойн уурхай дээр барих эсвэл Тавантолгой цахилгаан станц төслийг авч хэрэгжүүлэх гэсэн хувилбарууд бий. Энэ гурван хувилбараас аль нэгийг нь сонгох үүргийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн.

-Хэрэв “Оюутолгой” компани Тавантолгой цахилгаан станц төслийг сонгохгүй бол энэ төсөл яах юм бэ?

-Гурван хувилбараас сонгох эрх нь “Оюутолгой” компанид бий. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээнд заасан Монголоос эрчим хүч авах заалт үйлчилж эхэлсэн. Тиймээс дөрвөн жилийн дотор өөрсдөө барьж, хангана гэдэг бол цаг хугацааны хувьд маш шахуу. Гэтэл Тавантолгойн цахилгаан станц төсөл өөрөө ТЭЗҮ нь бэлэн болсон, ажил эхлүүлэхэд бүрэн боломжтой хувилбар юм.

-“Оюутолгой” компани ирэх дөрвөн жил БНХАУ-аас эрчим хүчээ авахаар болж байгаа юм байна. Тийм үү?

-Монголд байгаа эрчим хүчний нөөцөөр хангах боломжгүй учраас дотоодын эх үүсвэртэй болтлоо БНХАУ-аас авсаар л байна. Дөрвөн жилийн дотор Рио Тинто өөрөө сонголтоо хийнэ. Харин дөрвөн жилийн дараа бол ямар ч сонголтгүйгээр Монголоос л эрчим хүчээ авна.

-Энэ гэрээг хийсэн этгээдүүдэд хариуцлагын асуудлыг хөндөх үү?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар бол УИХ-аар хэлэлцэх ёстой байсан. Гэвч “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г УИХ-аар хэлэлцүүлээгүй. Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шалгах үндэслэл бий. Энэ гэрээг Тавантолгойн цахилгаан станц төслийн удирдлагууд Засгийн газрын хуралдаанд оруулсан байсан. Ганц энэ гэрээ ч биш Дубайн гэрээг ч гэсэн УИХ-аар оруулаагүй. Хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээлгэхгүй бол Засгийн газар нь улс оронд ашиггүй шийдвэр гаргаад яваад байж болохгүй. Бид тодорхой асуудлыг тавина. Гэрээ яагаад байгуулагдсан талаар холбогдох байгууллагуудад нь асуудлыг тавина. 

 Сэтгүүлч М.Энхцэцэг