Татварын орчноо ил тод болгохыг зөвлөв
2018.02.27

Татварын орчноо ил тод болгохыг зөвлөв

Монголын Бизнесийн зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг уламжлалт уулзалтаа хийлээ. Хоёрдугаар сарын ээлжит уулзалтаар тус зөвлөлөөс Татварын хуулиудын шинэчилсэн найруулга дээр өөрсдийн саналаа хүргүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа дуулгасан юм.  

Эл уулзалтад Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд оролцож, санал бодлоо солилцлоо. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад суугаа Элчин сайдуудад хандан хэд, хэдэн зүйлийг тодотгон хэлсэн юм.  Тэрбээр Монгол Улсын эдийн засаг таамаглаж байснаас харьцангуй өндөр үзүүлэлттэй гарсан.

Тодруулбал, ДНБ-ийн өсөлт 5.1 хувь, Гадаад худалдааны тэнцэл анх удаа 62.7 сая ам.долларын ашигтай гарсан зэрэг эдийн засгийн эерэг үзүүлэлтийг онцолсон билээ.

Гэхдээ цаашид хэт өндөр өсөлт рүү тэмүүлэхээсээ илүүтэй тогтвортой өсөлтийг хангах чиглэлд ажиллана. Ингэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал гэв.  Мөн татварын хуулиудын шинэчлэлд Элчин сайдууд болон Монгол Бизнесийн Зөвлөлийн ажлын хэсгийн санал, зөвлөмжийг оруулах чиглэлд дэмжиж ажиллана гэдгээ дуулгасан билээ.

Үүнээс гадна, тэрбээр Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг дуулгаж, хуулийн төсөлд Элчин сайдуудыг санал, шүүмжээ өгөхийг уриалсан юм.