Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг болов
2018.03.03

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагуудын 400 орчим төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг нээж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлсэн үгэндээ, Эрүүгийн хууль, тогтоомжийг гардан хэрэглэж, хэрэгжүүлж, судалж байдаг шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, эрдэмтэн судлаачид Та бүхнээс Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан учирч байгаа хүндрэл, бэрхшээл, зөрчлийн талаар санал, шүүмжийг сонсох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гээд, оролцогч Та бүхэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус бүрээр ажил хэрэгч санал гаргаж оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

undefined

Дараа нь хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үг хэлэв. Тэрбээр “Энэхүү хэлэлцүүлгээс дараах үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна. Нэгдүгээрт, хуулийг хэрэгжүүлэх явцад буруу, зөрүүтэй ойлгож байгаа зүйлийг нэг мөр болгох. Хоёрдугаарт хуулийг хэрэгжүүлэх явцад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэж, зөвлөмж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэх болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд уг зөвлөмжид үндэслэн Эрүүгийн хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2018 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болно” гэсэн юм.

Түүнчлэн хэлэлцүүлгээр хөндөж ярилцах хэд хэдэн чухал асуудал байгааг онцлов. Тухайлбал, байцаан шийтгэх ажиллагааны явцад гарч буй бэрхшээл, Эрүүгийн хуулийн зарим төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг чангатгах, ялангуяа авилга, хээл хахуультай холбоотой албан тушаалтны хөөн хэлэлцэх хугацаа, ялын бодлогыг нэмэгдүүлэх, мөн өмчлөх эрхийн гэмт хэрэгтэй тэмцэх явдлыг чангатгая гэсэн саналууд урьдчилсан байдлаар бичгээр ирснийг тодотголоо. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр үг хэлж, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх байр сууриа илэрхийлэв.

Дараа нь хэлэлцүүлэг хууль сахиулах салбаруудын илтгэлээр үргэлжилсэн. Тухайлбал, “Анхан шатны шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал”, “Прокуророос хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт”, “Өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хүний эрхийг хамгаалах ажиллагаа” зэрэг сэдвээр илтгэл тавигдлаа