#Шилэн хууль6 мин унших
Донорын тухай хуулиар санхүүжилтийн тогтолцоо шийдэгдсэн

Монгол улсад Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрсэн. Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж, жилээс жилд төрөлт нэмэгдэж, төрөлтийн хүндрэл буурахгүй, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа. Үүнийг Донорын тухай хуулиар зохицуулах эрх зүйн орчин шаардлагатай байсан.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тархины үхэлтэй /нас барсан/ донороос эрхтэн авч шилжүүлэхийг зөвлөж байгаа. Гэвч 2000 онд батлагдсан Донорын тухай хуульд тархины үхэлтэй донороос эрхтэн авч болно гэсэн нарийн зохицуулалт хараахан байхгүй байсан. Тиймээс Донорын тухай хуулийг Засгийн газар шинэчлэн найруулж, УИХ-аар 2018 оны 1 сарын 19 -ын өдөр баталлаа. Хууль ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.
Энэ хууль нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг нь аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааг зохицуулна. Мөн уг үйл ажиллагааны талаархи төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм..
Товчхондоо, энэ хууль амьд донороо хамгаалж, амьгүй донорыг дэмжих, донорын эрхзүйн орчинг сайжруулах юм.
Донорын тухай хууль анх батлагдсанаас хойших энэ 18 жилийн хугацаанд Монгол улсад 147 хүн бөөр, 40 хүн элэг шилжүүлэн суулгуулсан байна. Эдгээрээс 9-өөс бусад нь амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгажээ. Монголд Эрхтэн шилжүүлэх мэс ажилбар хийхэд эмчилгээний зардалд дунджаар 16-85 сая төгрөг шаардагдаж байна.
Гэвч донорын эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас өвчтөн тэр бүр Монголд мэс засал хийлгэх боломжгүй байгаа юм. Сүүлийн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс уруу явсан гэсэн тоо байна. Тэд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт асар их эд материал, санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, чирэгдэл учирч байгаа юм.
Тиймээс шинэчилсэн хуулийн хамгийн чухал өөрчлөлт бол АМЬГҮЙ ДОНОРООС эрхтэн шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл амьгүй донороос эс, эд, эрхтэн авснаар өөр нэгэн хүний амийг аврах боломжтой гэсэн үг юм. Нөгөөтээгүүр амьд донороо хамгаалж, амь нас, эрүүл мэндийн хувьд эрсдэлд оруулахгүй байх давуу тал бүрдэнэ.
Хэн донор болох боломжтой вэ?
Хуулиар донор нь АМЬД, АМЬГҮЙ хэмээн хоёр төрөл байх юм.
Амьд донор: Сэтгэцийн хувьд эрүүл, 25 насанд хүрсэн, эс, эд, эрхтнээ өгөх тухай зөвшөөрлөө бичгээр гаргасан байна. Харин хүүхдийн хувьд 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг урьдчилан авсан байна. Гэхдээ хүүхдийн хувьд зөвхөн ясны хэм, чөмөг, хүйн цусны донор болох боломжтой. Харин 14-өөс доош насны хүүхэд донор болох боломжгүй гэж хууль санаачлагчид үзсэн юм.
Амьгүй Донор: Тархины үхэлтэй /нас барсан/ нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна. Нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авах юм.
Донор болох зөвшөөрөл
Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болохоор хуульд заасан. Харин тухайн иргэн 25-аас доош настай бол амьгүй донор болгох боломжгүй юм. 25 насыг бие хүн төлөвших, шийдвэр гаргахад хангалттай нас хэмээн хууль санаачлагчид үзсэн. Харин Олон улсын жишигт донор болох эсэхээ мэдүүлдэг насыг 18, 20 нас хэмээн тогтоосон байдаг байна.
Эмчилгээний зардлыг 4 дахин бууруулсан
Энэ хуулиар мөн санхүүжилтийн тогтолцоо шийдэгдсэн. Санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, реципиентийн /өвчтөн/ төлөх төлбөр, Засгийн газрын тусгай сан, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
