“Монголын эрдэс баялаг - Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж байна
2018.03.22

“Монголын эрдэс баялаг - Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж байна

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө сурталчлах үүднээс анх удаа “МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 22, 23-нд зохион байгуулж байна.

Мөн  тус чуулга уулзалт нь эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Чуулга уулзалтыг Ашигт малтмал газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Блүүмберг” телевиз хамтран зохион байгуулж буй бөгөөд нийт 100 орчим хүн оролцож байгаагаас 70 орчим хувь нь 10 гаруй орны гадны төлөөлөгч байгаа юм.

“МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “Уул уурхай бол нийгмийн дэмжлэг, аж ахуйн нэгжийн идэвхтэй үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар бөгөөд салбарын бодлого чиглэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой байлгах, мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд зөв ойлголт өгөх, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал билээ.

Миний бие хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримталж байна” хэмээв.

Мөн Хөрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх явдал болохыг салбарын сайд хэлсэн үгэндээ онцоллоо.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж буй юм. Иймд эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчдын итгэл нь аль нэг байгууллагын оролдлогоор бус харин төрийн бүх байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголтын үндсэн дээр өргөжин тэлэхийг салбарынхан онцоллоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс төрийн бусад байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, элчин сайдын яамдуудтай хамтын ажиллагааг улам өргөжүүлж ажиллах болно.