Ашигт малтмалын лицензийг хууль бусаар сэргээсэн 22 шүүгчийг шалгах ёстой гэв
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар өнөөдөр төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, шүүх засаглал болон Эрдэнэт үйлдвэрийг банкинд барьцаалж зээл авсан эсэх асуудлаар мэдээлэл өглөө.
Х.Нямбаатар: 2010-2018 оны хооронд ашигт малтмалын лицензийг үндэслэлгүйгээр сэргээсэн шүүгч нар болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн ХОМ-ийг хянах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2018 оны 3-р сард нэр бүхий УИХ-ын гишүүд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг барьцаалж, Стандарт банкнаас зээл авсан асуудлаар асуудлаар Засгийн газарт асуулт тавьсан. Асуултынхаа хариуг тухайн үедээ ЗГХЭГ-аас аваад, хэвлэл мэдээллээр хариултыг танилцуулсан. Энэ баримттай танилцаж байх явцад олон мэдээллүүд бидэнд олдсон. Шүүх үндэслэлгүй шийдвэрүүд гаргаж, хохиролыг нь төр барагдуулж байна. Цаашлаад иргэд, олон нийтээс шүүх болон хөрөнгө чинээтэй хүмүүсийн талд шийдвэр гаргадаг гэх асуудлуудыг маш ихээр хүчтэй тавьсан. Яг энэ цаг үед бидний хэсэг гишүүд хамтдаа МАН-ын дэргэдэх “Шинэ дэвшилтэт холбоо”-г байгуулсан.
Би Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой асуудлаар 2018 оны 3-р сарын 12-ны өдөр “Цензургүй яриа”-гаар орохдоо шүүх засаглалын ялзралын асуудлыг ярьсан. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын шүүх маш их эмзэглэж, надад хаягласан албан бичгүүдийг хүргүүлсэн. Мөн 30 минутын хугацаатай шүүгчдийн ХОМ-гийг ил болгоод, буцаагаад хаасан.
Үүнээс хэд хэдэн дүгнэлтийг хийж болно.
Миний 3-хан секундад ярьсан ярианд эмзэглэж ХОМ-ээ гаргахад тэр дунд нь 3 сая төгрөгийн цалинтай шүүгч нарын дийлэнхийн хөрөнгө орлого тэрбумаас дээш орлоготой шүүгч нар олон харагдсан. Өөрөөр хэлбэл шүүгч нар юу ч идэхгүй, хэрэглэхгүй бүх цалингаа цуглуулахад 1 жилд 36 сая төгрөг хуримтлуулна. Үүгээр ХОМ-д байсан хөрөнгө хураах, Ривер гардендбайр авах боломжгүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шаардлагад хариу хүргүүлэхээр хэвлэлийн бага хурлыг зарласан юм. Ярилцлаганд дурдсан гэмт хэргийн шинжтэй мэдээллээ ил болго, үгүй бол уучлалт гуй гэсэн. Хариуд нь би уучлалт гуйхгүй, мэдээллээ та бүхэнд хүргүүлье гэдэг зүйл ярьсан. Үүнээс хамгийн их онцолж байгаа зүйл бол 5 настай хүүхдийн дансанд 500 сая төгрөг, өөрийн дансанд 1 сая долларын хадгаламжтай хүнийг нэрлэж өгөөч гэдэг асуудал яригдаж байна.
Өнөөдөр бид Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлэх гэж байна. Бага насны хүүхэдтэй холбоотой нэр, дансны дугаартай холбоотой асуудлыг ил болгож болохгүй. Үүнийг битүүмжилсэн дугтуйнд хийгээд Улсын ерөнхий прокурорт хүргэнэ. Бид 1990 онд хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж орсон. Сошиал ертөнц хүчтэй болсон. Энэ хүүхэд өнөөдөр 10 настай болсон. Ийм бага хүүхэд дансан дахь мөнгөнийхөө тухай огтоос мэдээлэлгүй гэж ойлгож байна. Тэр данс руу шилжүүлсэн өвөөгийнх нь дансны дугаар, түүнтэй холбоотой мэдээллүүдийг Улсын ерөнхий прокурор өөрдсөө албаныхаа шугамаар шалгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулинд ашиг сонирхолын зөрчил бүхий мэдээ мэдээллүүдийг шалгах үүрэг нь Улсын Ерөнхий прокурор, АТГ-д байдаг.
Мөн би ярилцлагандаа анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, дунд шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авлигын асуудал яригддаг гэсэн мэдээлэл өгсөн. Энэ бол гадуур нийтэд ярьж байгаа зүйл. Сошиал дээр шүүгч нарын авилгатай холбоотой асуудлыг хайгаад үзээрэй. Бүх мэдээллүүд комменттойгоо цуг явж байгаа.
2010-2012 оны хооронд Ашигт малтмалын ерөнхий газраас хүчингүй болгосон 36 ААН-ийн лицензийг хууль бусаар сэргээх шийдвэр гаргасан шүүгч нарын ХОМ болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж, олон түмний эргэлзээг тайл өг. Энэ шийдвэрүүдийг гаргасан нэр бүхий 22 шүүгч байна. Үүнээс хойшхийг үргэлжлүүлж 2018 он хүртэл лицензтэй холбоотой хууль бус сэргээсэн шийдвэрүүдийг гаргасан шүүгч нарын ХОМ-ийг АТГ-аас шалгах хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт гаргаж байна.
Энэ шүүх засаглал чинь үнэхээр ингэж шударга бусаар шийдвэр гаргаж хөрөнгөжиж байгаа хэсгээс бүрдэж байна уу үгүй юу гэдгийг өргөтгөсөн шалгалт явуулж, олон түмний эргэлзээг тайлж өгөөч. ХОМ-тэй холбоотой маш олон захиалгат мэдээллүүдийг шүүхийнхнээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичүүлсэн. “ХОМ нь байдгаараа байна. Энэ бол хий хардалт” гэсэн агуулгатай мэдээллүүд явсан. Үнэхээр хууль ёсны хөрөнгө цалингаараа хөрөнгөжсөн юм бол юунд сандарч бидний эсрэг дайралтууд өгч байгаа юм бэ?
Анхан шатны шүүхийг чадваргүй болсныг ганцхан жишээгээр өөрийн хувийн фэйсбүүк хуудсаараа би мэдээлнэ.
Хүний хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэрүүд маш олноороо гарч байна. Энэ мэдээллүүд хэрвээ гарч ирвэл шүүх засаглал бүхэлдээ шинэчлэгдэх зүй ёсны шаардлага гарна. Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох учиртай. Тэгж байж бид нар дараа нь шударга ёс, тэгш байдлын тухай ярина.
Шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад нэлээд нь “Ривер гарден” хотхонд амьдарч байгаа. Энэ бол нэг тэрбум төгрөгөөс дээш үнэтэй орон сууц. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч хоол, унаа бусад зүйлд цалингаа зарцуулахгүйгээр 30-40 жил цуглуулж, ийм орон сууц авна. Тэгэхээр шүүгчид түрээсийн орон сууцанд амьдраад байгаа юм уу, худалдан авсан орон сууцанд амьдраад байна уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай.
Б.Энх-Амгалан: Та бүхэн ч хардах эрхтэй. Бид нар ч хардах эрхтэй
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
Ш.Батхүү гэдэг хүний байгуулсан төлбөр тооцооны холбоотой зээлийн гэрээг Хадгаламж банк баталгаа гаргаж өгчээ. Гэтэл энэ үед Хадгаламж банк ийм хэмжээний мөнгөнд баталгаа гаргах эрх үүсээгүй байсан.
Мөн Эдвард Сүрэнтэй холбоотой зээлийн гэрээний асуудлааргаргасан архивын ерөнхий газрын 0359 тоот албан бичиг төрийн банкинд ирсэнд мэдэгдэл байна. Үүн дээр “Тус зээлийн гэрээнд Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архив болон архивын ерөнхий газарт хадгалагдаж буй баримтнаас шүүж үзэхэд олдоогүй бөгөөд Архивын ерөнхий газрын үндэсний төвийн архиваас Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас тус архивт шилжүүлсэн архивын материалд уг баримт байхгүй байна” гэсэн байна. Энэ бол хуурамч гэрээ байх магадлалтай гэх хоёр дахь хардлага.
Түүнчлэн 30 тэрбум 259 сая 110 мянган төгрөгний дүнтэй, сарын 2.5 хувийн хүүтэй зээлийг 2010 оны 12 сарын 31-ний өдөр эргэн төлөх нөхцөлтэй 0310 тоот зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед мэдээж Сүхбаатар дүүргийн шүүхэд тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Үүний дагуу 2013 оны 8 сарын 6-ны өдөр шүүхэд тогтоол гарсан байдаг. Эдуард овогтой Сүрэнгийн 11-р хорооны 4-2 Белла вистай байрны 111 тоотод амьдардаг энэ хүн ажилгүй болно гэсэн тогтоол гарсан байна. Ажилгүй, төлбөрийн чадваргүй хүн ийм олон тэрбум төгрөгийг яаж зээлдэг юм бэ? Эдгээр баримтуудыг үзээд хуурамч зээлийн гэрээ юм биш үү, Хадгаламж банк Төрийн банкинд шилжих үед Төрийн банкнаас мөнгө гаргуулж авах гэсэн арга юм биш үү гэсэн хардлага байна.
Зээлийн гэрээтэй холбоотой бас нэг зүйлийг хэлэхэд Хадгаламж банкны ТУЗ-ийн хуралдааны протоколууд уг нь байдаг. Ганцхан энэ асуудал дээр тэмдэглэл гарсан байдаг. Тэгэхээр энэ Жаст группын ТУЗ-ийн дарга, Хадгаламж банкны ТУЗ-ийн дарга Ш.Батхүү гэдэг хүн энэ материалыг ТУЗ-ийн зөвлөлтэй хуралдаж үйлдсэн үү эсвэл хуурачаар үйлдсэн үү гэдгийг шалгаж өгөөч гэж хүсч байна. Эдгээр баримтуудыг шалгавал энэ гэрээ зөв байж уу эсвэл Төрийн банкийг луйвардах гэсэн арга байж уу гэдэг нь тодорхой болно.
Л.Оюун-Эрдэнэ: Хууль хяналтын байгууллагууд эздээсээ болж зөрчилддөг болсон
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
Бид мөсөн уулын оройг харах биш усны мандал дор байгаа хэсгийг олон нийт, судалгаан байгууллага, сэтгүүлчид дурандан харах ёстой. Шударга ёс гэдэг бол шударга шүүх. Гэтэл өнөөдөр судалгааны байгууллагуудын дүнгийн 80-с дээш хувь нь Монгол Улсад шударга ёс алдагдаад байна гэсэн нийгмийн бухимдал үүссэн байна. Энэ дүн улам өсч байна. Шударга ёс гэдэг хэмжүүрийг сахин хамгаалах ёстой шүүхийн байгууллага өнөөдөр яагаад шударга ёсны хэмжүүрийг алдагдуулав? Үүнийг ярих цаг нь болсон. Шүүгчид өөрсдөдөө дүгнэлт хийх цаг нь болсон.
Шүүгч нартай нэг нэгээр нь уулзахаар бүгд засаглал болохгүй байна гэж ярьж байна. Гэхдээ нийлээд ялзарсан тогтолцоогоо хамгаалахыг хүсч байна.
Шүүх засаглал ялзарсан нь Үндсэн хуультай холбоотой. Шүүх хараат бус байх ёстой. Аль ч улсад. Гэтэл манайд шүүх, хууль хяналтын байгууллагууд томилсон эзэндээ гөлөг мэт үйлчилдэг төрийн албатууд болж хувирчээ. Цэрэг үүсэг гэхээр үүсгэдэг. Боль гэхээр татдаг. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс асуудал гаргаад ярьвал түүнийг дардаг. Тэгээд хөөн хэлэлцэх хугацааг нь өнгөрүүлдэг. Түүгээрээ дамжуулж авлигын хэрэгт өөрсдөө орооцолддог. Өөрсдөө гүйцэтгэх засаглалтайгаа үгсэн хуйвалдаж төрийн томилгоо, тендэрт оролцдог байдал руу орсон байна.
Өнөөдөр шүүх, прокурор, АТГ, ЦЕГ гэсэн байгууллагуудыг төрийн 3 өндөрлөгт хуваагддаг. Ерөнхийлөгч шүүх прокурорыг томилдог. УИХ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж АТГ-ыг томилодог. Ерөнхий сайд ТЕГ болон ЦЕГ-ын удирдлагыг томилдог. Ингээд хууль хяналтын байгууллагууд хоорондоо эздээсээ болж зөрчилддөг болсон.
Алх цохихдоо томилсон эзэн нь юу гэж хэлж байгаа вэ гэдгээр үндэс болгож асуудлыг шийддэг болсон.
Энэ байдлаараа явсаар байвал Монгол Улсад шударга ёс хэзээ ч тогтохгүй болно. Гэхдээ шударга ёсыг хүсэх хүсэмжлэл 80-аас дээш хувь байгаа тохиолдолд хувьсгал руу орно.
Тийм учраас үүнийг ярьж байгаа хүмүүст дургүйцхээсээ илүүтэйгээр, өөрсдөдөө дүгнэлт хийж, судалгааны дүнг яаж Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлж ахиулж чадах вэ гэдэг дээр хууль хяналтын байгууллагууд дорвитой дүгнэлт хийх цаг болсон.