Японд сургах 1000 инженерийг бүртгэнэ
БСШУСЯ-аас Японы ЭСЯ, “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
Монгол Улсад өндөр мэдлэг чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол-Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй уг төсөл энэ оноос бакалаврын түвшний элсэгчдээ Япон улс руу илгээж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн өмнө их сургуульд элсэхдээ “1000 инженер” хөтөлбөрт тэнцэж байсан 56 оюутан Японы их дээд сургуулиудад суралцахаар тус улсыг зорино.
Тэгвэл 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн урьдчилсан сорилын тов гараад байна. Улаанбаатар хотод энэ сарын 30-ны өдрөөс ирэх сарын 21-ний Бямба гариг хүртэл www.mjeed.edu.mn сайтаар бүртгэж урьдчилсан сорилыг дөрөвдүгээр сарын 21-ний /Бямба гариг/ 10 цагт ШУТИС-ийн хичээлийн II байранд зохион байгуулах аж.
Орон нутагт тухайн аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт ирэх сарын 01-20-ны өдрийн 18 цаг хүртэл бүртгэж, нэгтгэсэн мэдээллийг Төсөл хэрэгжүүлэх нэгжид файлаар хүргүүлнэ. Урьдчилсан сорилыг ирэх сарын 28-ны өдрийн 10 цагт бүх аймгуудад нэгэн зэрэг зохион байгуулна.