АТГ-ын даргыг солино гэсэн мэдээлэл цацагдлаа. АТГ-ын дарга Х. Энхжаргал томилогдоод хоёр жил болж байгаа. Түүний хувьд өмнөх дарга Н. Ганболдын үүрэгт хугацааг нөхөн ажиллахаар томилогдсон. Гэвч үүрэгт хугацаа нь дууссан ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна. АТГ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудалд хуулийг хоёр салаа утгаар тайлбарлаж, олон нийтийг төөрөгдүүлж байна гэж Х.Нямбаатар гишүүн хэллээ.
УИХ-ын гишүүн Х. Нямбаатар: Ор нь гарсан хүний оронд үлдсэн хугацаанд нь томиллоо гэдэг ойлголт бол өөр зүйл. Албан тушаалтан сонгогддог, томилогддог гэсэн хоёр ойлголт байдаг. Сонгогддог албан тушаалтны хувьд сонгуулийн бүрэн эрхийнх нь үлдсэн хугацаанд сонгогддог. Томилгоот албан тушаалтны хувьд томилогдох эрх бүхий байгууллагаас нь томилогдсоноор тухайн салбарын хуульд зааснаар хугацаа тоологддог уламжлалтай. АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа томилогдсон өдрөөс нь тооцогдоно.
Мөн тэрээр маргаантай асуудал гарсан тохиолдолд улсын дээд шүүх тайлбар хийдэг байсан. Энэ жишгийг халснаар хэн дуртай нь хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг болсныг хэлсэн юм.