Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутам шинэчлэх ёстой
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн албан хаагчдын цалинг нэмүүлэх болон Хөдөлмөрийн хуультай холбоотой зарим асуудлаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог хуралдуулжээ. Тус хурлаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх саналыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байна.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Хэдийнээс хэдэн хувиар, ямар хэлбэрээр цалин хөлсийг нэмэгдүүлэх вэ гэдэг бол хэлэлцээрийн үед тодорхой болно. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 2014 оноос хойш цалин хөлсийг нэмэгдүүлэх бодитой арга хэмжээг авч чадаагүй. Харамсалтай нь Засгийн газар өнгөрсөн 4 жилийн хугацааны гэрээнд тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг суулгана, нэмэгдүүлнэ гэдэг амлалт өгч байсан хэдий ч хэлэлцээрийн хүрээнд үүргээ биелүүлээгүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар өөрөө 4 удаа огцорсон. Дараагийн Засгийн газар нь өмнөх Засгийн газрынхаа хүлээсэн үүргийг биелүүлэхгүйгээр дахин хэлэлцээр байгуулж цаг хугацаа алдсан. Энэ хугацаанд иргэдийн цалин орлогоороо худалдан авах чадвар маш их доошилсон.