Цаазаар авах ял гэмт хэргийг зогсоох үр нөлөөгүй
2018.04.11

Цаазаар авах ял гэмт хэргийг зогсоох үр нөлөөгүй

Манай улсад олон нийтийг цочроосон, бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг гарсаар байгаад бид гүнээ харамсаж, санаа зовниж байна.

Хүүхэд хүчирхийлж байгаа гэмт үйлдлийг таслан зогсоохоор Монгол Улсын Ерөнхийлөгч ажиллаж байгаа нь сайшаалтай ч ийм төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд төрөөс олон нийтийн бухимдлыг түр намжаах арга хэрэгсэл болгон цаазаар авах ялыг сэргээхийг санал болгохоос илүү хүүхэд хамгааллын бодлого, түүнийг хэрэгжүүлэхдээ чухалчлан анхаарал хандуулах нь бодит үр нөлөө авчрах юм.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгуулагууд, идэвхтнүүд “Хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийг ихэвчлэн гэр бүлийн хүрээнд, эсвэл хамаатан, төрөл садны зүгээс үйлддэг тул цаазаар авах ялыг сэргээснээр ийм төрлийн гэмт хэргийг зогсоох бус, харин далд хэлбэрт оруулах, цаашлаад хохирогч, гэрчийн амь насанд халдах аюултай”-г сануулсаар байна.

Цаазаар авах ял ямар ч гэмт хэргээс сэргийлэх үр нөлөөгүй болохыг олон улсын судалгаа, Монгол Улсын гэмт хэргийн талаарх статистик судалгаанууд харуулсаар атал төрийн тэргүүн жигшүүрт гэмт хэрэгт цаазаар авах ялыг сэргээнэ гэснээрээ асуудлыг цогцоор харж, суурь шалтгаанд анхаарал хандуулахгүй  гэмт хэрэг гарахад нөлөөлдөг хүчин зүйлс болох ажилгүйдэл, архидалт, ядуурлыг бууруулж, чанартай боловсрол олгох асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийж байна.

Нийгмийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ядуурал, орлогын тэгш бус байдал хүний хөгжлийн төвшин бага байх, гэмт хэргийн илрүүлэлт сул, яллах үзүүлэлт буурах зэрэг маш олон хүчин зүйл хүчирхийллийн гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлдгийг судалгаа харуулдаг. Эдгээр хүчин зүйлийг бууруулахын тулд нийгэмд эерэг соёлыг төлөвшүүлэх, шударга шүүх ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэргийн үндсэн шалтгааныг олж тогтоон урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх нь чухал байна.  

Ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэхэд хамгийн түрүүнд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин нөхцлийг бий болгох, тухайлбал ясли, цэцэрлэг, сургууль, дотуур байр барих, аливаа орчинд айх айдасгүй, гачигдах зовлонгүй амьдрах, суралцах нөхцөл бүрдүүлэх зэргээр хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлвэл зохино.    

Монгол Улсын Үндсэн хуулийн “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилгоо удирдлага болгож, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хамгаалах, хангахад чиглэсэн хүн төрөлхтний дэвшилтэт хандлагаас ухрах ёсгүй.

Монгол Улс цаазаар авах ялтай байснаараа гэм зэмгүй олон хүнийг хэлмэгдүүлсэн түүхтэй. Аливаа хүчирхийллийн эсрэг тэмцэхдээ хүч хэрэглэх нь үр дүнтэй жишиг биш билээ. Харин улс төрч, хууль тогтоогчид цаг ямагт хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахих, хамгаалах, үүргийнхээ дагуу ухарсан алхам хийлгүйгээр ололт амжилтаа хадгалж, ахиц дэвшил гаргах ёстой.