С.Чинзориг: Албан бус хөдөлмөр эрхлэгчид бидэнд хамаагүй
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
2018.04.16

С.Чинзориг: Албан бус хөдөлмөр эрхлэгчид бидэнд хамаагүй

Улсын Их Хурлын ээлжит чуулганы баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд шинэчлэн баталж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсрууллаа гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулгадаа дурдав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Төслийн үзэл баримтлал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг бүрэн хамгаалж чадаж байгаа эсэх, гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулсан, 13 настай хүүхэд хөдөлмөр эрхэлж болохоор хуульд тусгасныг нь тодруулж байлаа.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,

“Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ хөдөлмөрийн харилцааг зохицуулахад анхаарал хандуулж ирсэн. БНСУ-тай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийснээр тус улсад ажиллаж байсан иргэд хөдөлмөр эрхэлсэн хугацаанд төлсөн даатгалын тэтгэмжээ авч байгаа. Мөн Чех, Польш, Унгар, Турк улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажиллаж, эдгээр оронд ажилласан хугацаанаасаа хамаарч даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авах, тэтгэврийн даатгалд хамрагдаж төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хэлэлцээрийг хийж байна” гэж хариулав.

Мөн тэрбээр “Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч хоорондын гэрээ байгуулсан харилцааг зохицуулахаар тусгасан. Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад нэг сая 200 мянган ажиллагсад байгаагийн 400 гаруй мянга нь албан бус хөдөлмөр эрхлэгчид байгаа.

Өөрөөр хэлбэл, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн асуудлыг уг хуулиар бүрэн зохицуулж чадаагүй” хэмээн хариулж байлаа. Ажлын хэсгийн зүгээс, “Хөдөлмөрийн тухай хуульд 15 нас хүрсэн, суурь боловсрол эзэмшсэн хүүхэд, эцэг, эх асран хамгаалагчдын зөвшөөрлийн бичигтэй бол хөдөлмөрийн харилцаанд орж болно гэж заасан байгаа.

Харин 13 нас хүрсэн хүүхэд сурч боловсроход саад учруулахгүйгээр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангасан хөнгөн ажлыг эцэг, эхийн зөвшөөрлийн бичигтэйгээр эрхэлж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжийн дагуу мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа хүүхдүүд мэргэжлийн чиг баримжаа олох, дадлага хийх боломжийг олгох үүднээс ийм заалт оруулсан” гэж байлаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.6 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгүүлч  Д.МӨНХ