Хамтарсан зохицуулах хорооны тавдугаар хуралдаан боллоо
2018.04.23

Хамтарсан зохицуулах хорооны тавдугаар хуралдаан боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 Уг төслийн  хамтарсан зохицуулах  хорооны тавдугаар хуралдаан  өнөөдөр ОБЕГ-т  боллоо.

Хуралдааны нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Жайка” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато нарын албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ажлын хэсгүүд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулав.

Уг төслийн хүрээнд Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанаар дээрх тоног төхөөрөмжийг суурилуулах хуваарь, Нийслэл болон Завхан аймагт олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролын сургалт явагдсан хороо, сумдын талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.