НОСК-ийг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн үдээс хойшхий хуралдаанаар "Улаанбаатар хотын хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл"-ийн гэрээг Европын сэргээн босголт, Хөгжлийн банктай холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн байгуулах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод олголоо.
Энэ үеэр Тэргүүлэгч С.Мөнхчулуун "Бид хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн тухайд заавал тэр улсын тэр хөтөлбөр гэж нэрлэх хэрэгтэй юу гэдгийг бодох хэрэгтэй. Гэртээ бид нар Хас банкны лизингээр авсан хөргөгч гэж ярьдаггүй биз дээ. Тэртэй тэргүй тухайн зээлийг төлөх л юм чинь тэр улсын тэр банкнаас авсан зээлээр тийм зам барих гэж байна энэ тэр гэж цаашид ярьдагаа болих нь зүйтэй" гэсэн саналыг дэвшүүллээ.
Түүнчлэн Нийслэлийн орон сууцны корпораци хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулахаар болов. 2018 оны төсөвт НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зардалд батлагдсан төсвийг НОСК хаалттай хувьцаат компанид санхүүжилт олгохоор болж тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын ажлын албанд үүрэг болголоо.
Мөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийлээ. Тухайлбал Монгол наадам цогцолборын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг гүйцэтгэх, хүлээн авах түүнтэй холбогдон үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх, Төрийн ёслол, Үндэсний их баяр наадам, үнэдсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын арга хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээг дангаар болон хамтран зохион байгуулах, соёлын биет ба биет бус өвийг хадгалах, хамгаалах, дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулах зэрэг заалтуудыг тусгасан байна.