Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ээс гаргасан зөвлөмжийн танилцуулгыг сонсов
2018.04.24

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ээс гаргасан зөвлөмжийн танилцуулгыг сонсов

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ээс гаргасан зөвлөмжийн танилцуулав.

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хуулийн давхардал, хийдлийг арилгах, хуулийн байгууллагын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хоёр өдрийн хэлэлцүүлэгт шүүх, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс болон хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид оролцсон байна. Энэ үеэр шинэчлэн баталсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар хууль хэрэгжүүлэгч байгууллагуудаас холбогдох илтгэлүүдийг танилцуулжээ. Тухайлбал, шүүх байгууллагаас “Анхан шатны шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал”, “Шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал”, прокурорын байгууллагаас “Прокуророос хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт” сэдвээр, “Өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хүний эрхийг хамгаалах ажиллагаа” сэдвээр Хуульчдын холбооноос илтгэл танилцуулжээ.

Мөн дээрх хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс болон Хууль сахиулах их сургуулиас тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн гэлээ. Ингээд шүүх, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс болон хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудад эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, нэгдсэн ойлголтод хүрэх, хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудад үнэлэлт, дүгнэлт хийж, цаашид эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар зөвлөмжийг гарган Монгол Улсын Их Хурал болон Засгийн газар уламжлахаар тогтсон байна.

Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж байгааг Х.Нямбаатар гишүүн хэллээ. Тус зөвлөмжид Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаархи 16 санал, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн талаархи 18 санал, хүн хүч, орон тоо, техник хангамжийг нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулахтай холбоотой саналуудыг тусгасан байна. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар байр сууриа илэрхийлж, санал хэлсэн юм.