Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ.Үүний нэг нь Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Энэ талаарх тогтоолын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулсан юм.
Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар батапсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж батлахаар тусгасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор баталжээ.
Ийнхүү Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг Засгийн газрын тогтоолоор баталсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, А.Ундраа, Н.Учрал нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан.
УИХ-ын гишүүн Н. Учрал:Хот, хөдөө орон нутагт боловсролын газрын бодлогыг өөр өөрөөр явуулах хэрэгтэй. Энэ салбарыг улс төржихгүйгээр авч явах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Салбарын сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа: Өмнө нь тухайн салбарын цаашдын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурлын тогтоолоор бөталж байсан бол Хөгжлийн бодлого,төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаар тодорхой салбарын хөгжлийн талаар баримтлах бодлогыг Засгийн газар баталж байхаар хуульчлагдсан. Энэ үндсэн дээр Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолоор “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан. Бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, техник технологийг улс орны хөгжлийн асуудалтай уялдуулах, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах замаар мэдлэг, технологид суурилсан чадамж чадавхи бүрдүүлэх, ШУА-ийн статус, санхүүжилтийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг чадваржуулах, эрдэмтэн судлаачдын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар, салбарын яамнаас юун түрүүнд шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагааг эрх зүйн хувьд чадамжтай болгох, ганц улсын төсвийн эх үүсвэрээс хараат бус байх биш санхүүгийн бусад эх үүсвэрийг хуулиар нээж өгөх нь чухал гэж үзэж байгаа, энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаж холбогдох судалгаа тооцоо хийх, санал авах ажлыг эхлүүлээд байгаа гэдгийг хэллээ.
Ингээд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.