Ж.Бат-Эрдэнэ: Хоёр дахин хямд зардалтай цахилгаан автобус үйлдвэрлэнэ
Засгийн газрын хуралдаанаар нийтийн тээвэрт цахилгаан автобус турших асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах цахилгаан автобусны талаар тодруулахгүй юу?
-Үндэсний үйлдвэр-лэлийг дэмжиж цахилгаан автобус үйлдвэрлэхэд Засгийн газраас хөрөнгө гаргахаар боллоо. Ингэж дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нь давхар нийтийн тээврийн үйлчилгээг өргөжүүлж байгаа юм. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж, монгол инженерүүд угсарч байгаа цахилгаан автобус нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөтэй.
“МОН-3О” загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд туршина. Дотоодын үйлдвэрлэгчид Ардын хувьсгалын Ой, Үндэсний их баяр наадмын үеэр нэг автобусыг нь хүлээлгэн өгөхөөр тохирсон.
-Үйлдвэрийн өртөг болон цахилгаан зарцуулалт ямар байх вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус явуулснаар ажлын байр бий болж, зардал буурна гэж Засгийн газар үзэж байгаа. “МОН-3О” цахилгаан автобус нь импортоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёрыг үйлдвэрлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, гадаадаас соруулж ирж байгаа цахилгаан автобус 400 мянган ам.долларын өртөгтэй бол дотооддоо үйлдвэрлэснээр 195.5 мянган ам.доллар зарцуулна. Нийт өртөг хоёр дахин буурахаас гадна урсгал зардал тав дахин хямдарна. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол “МОН-30” автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Мөн тус автобус нь нэг удаа цэнэглээд 300 км зам туулах боломжтой. Харин одоогийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том оврын автобус хоногт дунджаар 200 км явдаг байна. Манай улс 2007-2017 онд 126 цахилгаан тээврийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэсэн.
-Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийг мөн баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-Сүүлийн үед агаарын нисэхийн салбарыг либериалчлахад нэлээдгүй зүйл хийж байна. Энэ бодлогын хүрээнд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр салбарын эрх зүйн зохицуулалт сайжирч, бизнес эрхлэх таатай нөх-цөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Мөн нисэхийн салбарт хувийн хэвшил, хувь хүний оролцоо, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэхээс гадна агаарын тээврийн хүртээмж нэмэгдэж, аялал жуулчлал, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, газар тариалан, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ зэрэг салбарын хөгжилд дэмжлэг болох юм. Хөтөлбөрийн хүрээнд иргэний агаарын тээврийн амин судас болсон жижиг агаарын тээвэрлэгчдийг бий болгож, дэмжих юм. Түүнчлэн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, онцгой байдлын албанд ашиглах жижиг оврын онгоцыг дэмжих ашиглалтыг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх ажил хийгдэнэ. Засгийн газар, орон нутаг, хувийн хэвшлийг дэмжих хүрээнд жижиг агаарын тээврийн урсгалыг нэ-мэгдүүлэхээр ажиллаж байна.