2018.05.17

Улсын төв номын сангийн барилгын ажил 5 жилийн хугацаанд 30 хувьтай л явж байна гэв

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Үндсэн чиглэлийг батлахад НББСШУ-ны байнгын хорооноос 7 санал гаргаж Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн боловч төсөв биш учраас мөнгөн дүн тавих боломжгүй гэсэн үндэслэлээр бүх саналуудыг дэмжээгүй. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулга: "Зарчим гэж ярьчихаад Эдийн засгийн байнгын хороо өөрдсөө зарчимгүй зүйл оруулж ирсэн. Хэрвээ НББСШУ-ны байнгын хороонд мөнгөн дүн тавьсан зүйл нь болохгүй гэж үзээд саналуудыг унагаасан юм бол яагаад Эдийн засгийн байнгын хороон дээр зуу зуун тэрбумаар асуудал оруулсан юм бэ? Тэгж л мөнгөн дүн тавьж болохгүй гэж үзэж байгаа юм бол заримыг нь оруулаад, заримыг нь, ялангуяа НББСШУ-ны байнгын хорооны саналуудыг унагааж болохгүй" хэмээн бухимдсан юм.

Тэдгээр саналын дотор баригдаад 5 жил болж байгаа хэдий ч ашиглалтанд одоо ч ороогүй байгаа Улсын төв номын санг эцэслэн дуусгах хэмжээний мөнгө тусгах санал байсан юм.

Байнгын хорооны дэмжээгүй энэ саналын талаар санал хураах үед УИХ-ын гишүүн Д.Гантулга байр сууриа илэрхийлсэн. Тэрээр: "Монгол Улс үндэсний төв номын сангаа барьж байгуулаад 5 жил болж байна. Энэ хугацаанд төсөвтөө мөнгө тавьж явсаар байгаад барилгын ажил 30 хувьтай л байна. Би яг иймэрхүү байдлаар баригдаж байгаа томоохон бүтээн байгуулалтыг багцаалдаж байна. Хэнтий аймагт 6 жил барьсан Хан Хэнтий чуулганы барилга бий. Одоо энэ барилга ашиглалтанд ороогүй байж цууралт өгсөн. Үүн шиг л зүйл болно. Улсын ганцхан төв номын сангаа шинээр барьж байгуулах ажлыг 2, 3 парламент дамжиж хийгээд яах вэ дээ. Ядаж энэ Засгийн газар чиглэл гараад дуусгах тал руу ажиллаж байна. Ганцхан номын сангийн асуудал шүү дээ. Хавтгайруулсан нэмэгдэл биш шүү дээ. Энэ ажлыг дуусгахад үлдэж байгаа хэдхэн төгрөгийн тавьж өгөх хэрэгтэй. Одоогийн байдлаар явбал дахиад 10 жил явна. Нэг аймагт баригддаг соёлын төвийн барилгаас ч бага зардал орно. 7 тэрбум төгрөг л хэрэгтэй байгаа юм" гэсэн.

Түүнийг үг хэлсний дараа саналын томъёоллоор санал хураалт явуулахад 37.5 хувийн санал нь байнгын хорооны дэмжээгүйг эсэргүүцжээ. Тиймээс түүний хэлсний дагуу уг асуудал эргэн босч Улсын төв номын санд 7.2 тэрбум төгрөг ногдуулах асуудлыг эцсийн хэлэлцүүлгийг үеэр дахин хэлэлцэх боломжтой болж байна.