Х.Амгаланбаатар: МҮЭХ Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ
2018.05.18

Х.Амгаланбаатар: МҮЭХ Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ

Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөрийн салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавин ажил хаялтын өмнөх суултыг тав дахь өдрөө үргэлжлүүлж байна. Энэ суулттай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ “МҮЭХ, Монгол Улсын Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр өчигдөр тэргүүлэгчдийн хурлаар албан ёсоор шийдвэрлэлээ. Цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр эсэргүүцлийн жагсаал орон даяар зохион байгуулсан.Энэ хугацаанд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний холбоо, бусад төрийн албаны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Сүхбаатарын талбайд ажил хаялтын өмнөх суулт зохион байгуулж байна. Тиймээс МҮЭХ-ны удирдлагууд шуурхай хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргасан.Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж төрийн албан хаагчдын цалин хөлсийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шийдлийг гаргахыг хүсч байна. Хэлэлцээрийг ирэх даваа гариг гэхэд тодорхой, шийдлийг гаргаж өгөхгүй юм бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Ажил хаялтын өмнөх суулт бол зөвхөн эмч багш нарын суулт биш. Энэ бол хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд нөлөөлөх үзүүлэх суулт юм. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүсэлт гаргасан. Бид тодорхой шийдэлд хүртэл ажил хаялтын өмнөх суултаа үргэлжлүүлэхийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Хурлын дараа МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын хүмүүс Сүхбаатарын талбайд очиж суулт зарласан Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөрийн салбарынханд та бүхэнтэй цуг шүү гэдгээ мэдэгдэж, дэм хайрлалаа. Ш.Амгаланбаатар хэлэхдээ “Бид цалин нэмэгдүүлье гэж дөрвөн жил тэмцлээ.

Дөрвөн жил гэдэг дэндүү урт хугацаа. Энэ хугацаанд үйлдвэрчний эвлэлүүдийн эв нэгдэлтэй байж, тууштай тэмцсэн. Үйлдвэрчний эвлэлүүдийн эв нэгдэл шийдвэр гаргагчдыг нугалж чадна. Хүлээсэн үүргээ биелүүлтэл нь тэмцэл үргэлжилнэ. Эв нэгдлийг сарниулах, бидний тэмцлийг олон нийтэд буруу ойлгуулах бүхий л үйлдлүүд олон нийтийн сүлжээгээр хангалттай явж байна. Тиймээс энэ бүхнийг умартаж та бүхэнтэй хамтдаа тууштай тэмцэнэ” гэлээ.

Энэ тэмцлийг Хөвсгөл аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон тус аймгийн Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, хөдөлмөрийн салбарын ажилчид бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Энэ тэмцэл улс орон даяар өрнөх бүрэн боломж бүрдлээ гэж талархан хүлээж авч байна. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг төрд үгээ хэлмээр байна гэж хүрэлцэн ирлээ. Энэ хүн үүдэл эсийн хавдар өвчтэй зовж шаналж байгаа” гэв.

Сувилагч н.Уранчимэг “Би өчигдөр үсээ хусаагүй ээ. Миний үс хуссан шалтгаан бол таван сарын хугацаанд үүдэл эсийн хорт хавдраар өвчилж, химийн эмчилгээ хийлгэсний дараа үс минь унасан. Би эрүүл мэндийн байгууллагад арван хэдэн жил ажилласан. Сүүлийн хэдэн жил тасралтгүй хавдрын сувилагч хийсэн. Надад хураасан мөнгө төгрөг байхгүй. Өр ширтэй. Гурван хүүхэдтэй. 40 настай эмэгтэй.

Миний цалин өрөө дараад дуусдаг. Өрнөөс өрний хооронд бид амьдарч байна. Би Эрүүл мэндийн сайдтай уулзах гээд зөндөө яваад чадсангүй. Би ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө арван хэдэн жил зүтгэчихээд байхад өнөөдөр миний төлөө нэг ч хүн гараа дэлгэхгүй байна. Би ах дүү, нутаг ус, нэгдсэн эмнэлгийнхээ хамт олныхоо дэмээр өдий зэрэгтэй өндийгөөд сууж байна.

Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа, Эрүүл мэндийн сайдаа. Надад амьдрал бэлэглээч. Би арван хэдэн жил ард түмний төлөө ажилласан. Одоо миний гурван хүүхдийн төлөө намайг авраач. Би ч гэсэн амьдармаар байна. Надад мөнгө хэрэгтэй байна. Хэрвээ би өндөр цалинтай, мөнгө хурааж байсан бол өнөөдөр та бүгдийн өмнө уйлаад сууж байхгүй байсан.

Эрүүл мэндийн сайдаа надад уулзах цаг гаргаач. Надад санаа зовох, ичих зүйл байхгүй. Гурван хүүхдийнхээ төлөө би амьдармаар байна. Яагаад эрүүл мэндийн салбартаа ажиллаж байгаа бидний төлөө гараа сунгаж болохгүй гэж” хэмээн уйлан байж ярьсан юм.

Б.БУРМАА