2018.05.24

Б.Бат-Эрдэнэ: Цэц Үндсэн хуулийн цэц шиг ажиллах цаг болсон

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Цэц, УИХ, Засгийн газар гээд дээрээсээ үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй байна. Хариуцлага, хандлага сайн байх ёстой. Хүмүүс ахуй тал хангамжид их татагдаж байна. Ард түмний шүүмжилж байгаа асуудал үнэн шүү. Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэж ярьдаг. Цэцийн нэр хүнд унаж байна. Улстөржсөн шийдвэр гаргадаг. Үүнийг анхаараарай. Харин Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой гаргасан Цэцийн шийдвэрийг үнэлж байгаа. Том төсөл хөдөлгөвөл эрх мэдэлтнүүд буруудна гэсэн мэдээлэл яваад байна. Яг үнэндээ хууль дүрмээрээ явбал ийм асуудал гарахгүй. Цэц Үндсэн хуулийн цэц шиг ажиллах цаг болсон.