Нийслэлийн Тээврийн газар БНСУ-ын Пүчонь хоттой хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд БНСУ-ын Пүчонь хотын дарга Ким Мансүг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун У, гүйцэтгэх захирал Ч.Батзориг, БНСУ-ын Пүчонь хотоос Хот байгуулалтын газрын Ерөнхий захирал Ким Дун Ху, Тээврийн газрын захирал И Сон Пё, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ерөнхий менежер Кан Сун Пил, Автобусны мэдээллийн системийн ажилтан Им Хун Сү, Тээврийн багийн менежер Ким Кён Хи зэрэг албаны төлөөллүүд байлцав.
Нийслэлийн Тээврийн газраас Улаанбаатар болон Пүчонь хотын нийтийн тээврийн үйлчилгээний ерөнхий үзүүлэлтүүд, өмнө нь гарч байсан нөхцөл байдал, хүндрэлүүд төстэй тул ухаалаг тээврийн систем, тээврийн төлөвлөлт, үйлчилгээний цагийн хуваарийн боловсруулалтын чиглэлээр мэргэжилтэн солилцох, нийтийн тээврийн төлөвлөлттэй холбоотой сургалтуудыг үе шаттай зохион байгуулах зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллах, Ухаалаг тээврийн системийн талаар Пүчонь хоттой хамтран ажиллах, Улаанбаатар хотын тээврийн мэдээллийн удирдлагын төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар туршлага судлах, дэмжлэг авах, Улаанбаатар хотын тээврийн салбарын мастер төлөвлөгөө боловсруулах техник эдийн засгийн үндэслэлийн судалгаанд дэмжлэг авах, Зорчигч тээврийн дамжин суултын төв /терминаль/ байгуулах зэрэг асуудлуудаар санал солилцлоо.
Уулзалтын дараа Монгол Улс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газар болон БНСУ-ын Пүчонь хот байгуулалтын газар хоорондын ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх, ашиглах талаар хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хоёр тал харилцан ойлголцож хамтран ажиллах, хүний нөөцийг технологийн салбарт солилцох боломжийг олгож, Улаанбаатар хотын ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх, ашиглах, харилцан ашигтай хамтран ажиллах зорилготой ажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.