Эрүүл шүд Эрүүл Хүүхэд уриатай амны хөндийн үзлэг хийж эхэллээ
2018.05.29

Эрүүл шүд Эрүүл Хүүхэд уриатай амны хөндийн үзлэг хийж эхэллээ

Эрүүл шүд Эрүүл Хүүхэд уриатайгаар 1000 хүүхдийн шүдний өвчлөлийг оношлон, эрт илрүүлэх зорилгоор Тойргийнхоо хүүхдүүдийн дунд амны хөндийн үзлэг хийж эхэллээ. Үзлэгт 242-р цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн 100-аад хүүхэд хамрагдлаа.

“Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдсэн судалгаанаас үзэхэд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 2011 оны байдлаар 65%-96%-тай байсан бөгөөд өнөөдөр ч энэ тоо буураагүй болох нь 2018 онд 1190 хүүхдийн дунд явуулсан судалгаанаас харагдаж байна. Тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 86.2%-тай, шүд цоорох өвчний эрчим 6.2 цла/ш буюу ДЭМБ-ын байгууллагын шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд өндөр түвшинд байна.

Иймээс чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болж буй шүдний өвчлөлийг бууруулахын тулд хүүхдийг бага наснаас нь эхлэн амны хөндийн үзлэг, шүдний өвчлөлийн оношилгоонд бүрэн хамруулж, эцэг, эх асран хамгаалагчдад нь шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд "Сүүн замын эхэн" сантай хамтран БГД-ын 16,17,18,19-р хороонд оршин суугаа 3-12 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж картжуулан, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь шүдний өвчлөлийн талаар мэдээлэл хийж эхэллээ.