Мануел П.Микаллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2018.06.07

Мануел П.Микаллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануел П.Микаллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ж.Бат-Эрдэнэ сайд Монгол улсын зам тээврийн салбарын хөгжилд АНУ-ын зүгээс томоохон хувь нэмрийг оруулж хамтран ажиллаж ирсэн бөгөөд тухайлбал Мянганы сорилтын сангийн тусламжийн 79 сая ам доллараар Чойр-Сайншандыг холбосон авто зам, мөн агаарын тээвэр, төмөр замын тээвэрт амжилттай хамтран ажиллаж ирсэнд талархаж явдагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр ноён Мануел П.Микаллер агаарын тээврийн либералчлалын хүрээнд хийгдэх асуудлын талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “АНУ-ын зүгээс  Монгол улстай “Нээлттэй агаарын зайн” хэлэлцээр байгуулах саналыг удаа дараа тавьж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд АНУ өнөөдөр 100 гаруй улсын агаарын тээврийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Хамтын ажиллагааны үр дүнд тухайн компаниуд улам хүчирхэгжин бүс нутагтаа монополь болсон, улс орны эдийн засгийн үр өгөөж дээшилсэн туршлагыг  та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна. Монгол улс энэ хэлэлцээрт нэгдсэнээр хоёр тал нислэгийн хязгаарлалтгүйгээр АНУ руу шууд нислэг хийж үүний үр дүнд ачаа тээвэр, зорчигч урсгал нэмэгдэх, аялал жуулчлал хөгжих, эдийн засаг тэлэх боломжтой юм. Маркетингийн хувьд ч давуу тал үүснэ гэж харж байна” гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Монгол улсын Засгийн газар болон ЗТХЯ-наас агаарын тээврийн салбарт баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгч “Хэдийгээр бид үндэсний агаарын тээврийн компанийхаа эрх ашгийг нэн түрүүнд харах ч үүнээс чухал нь улс орны эдийн засагт үзүүлэх үр өгөөж, ард иргэдийн амьдралд тусах нөлөөлөл юм. Тиймээс агаарын тээврийн либералчлалын хүрээнд нислэгийн чиглэл, давтамжийг нэмэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, билетийн үнэ тарифийг буулгах олон асуудал багтаж байгаа. Тэр ч утгаараа та бүхний санал хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж аялал жуулчлал, тээврээр дамжуулан эдийн засгаа дэмжих бидний зорилготой нэг юм гэж харж байна. Миний хувьд “Нээлттэй агаарын зайн” хэлэлцээрийн талаар илүү мэдээлэл авмаар байна. Мөн хоёр талын агаарын тээврийн удирдлагууд уулзаж харилцан саналаа нэгтгэсний дараа энэ асуудлыг УИХ-аар оруулж шийдэх боломжтой гэж харж байна хэмээн мэдэгдлээ.