Улаан.Ч 2011.05.06

Хур бороо дагуулж ирсэн Ерөнхий сайдыг Сүхбаатарчууд хүндэтгэн хүлээн авлаа

Хур бороо дагуулж ирсэн Ерөнхий сайдыг Сүхбаатарчууд хүндэтгэн хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатар аймаг зорих замдаа 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Мөнххаан сумын иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулж, иргэдийн санаа, бодлыг сонслоо.

 

Дараа нь Ерөнхий сайд аймгийн төв Баруун-Урт хотод хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсаж, төрийн дуулал эгшиглэлээ. Зуны эхэн сарын шинийн 2-ны өдөр хур бороо дагуулж уугуул нутагтаа ирсэн Ерөнхий сайдыг Сүхбаатарчууд хүндэтгэн хүлээн авлаа.

 

Тэрээр ирсэн өдрөө их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд  цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэн Д.Сүхбаатарын нэрэмжит 1 дүгээр дунд сургууль, ус цэвэршүүлэх төхөөрөмжийн ажилтай танилцав.

Их жанжин Д.Сүхбаатарын нэрээр овоглосон ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуульд онц сайн дүнтэй суралцаж байгаа сурагчдыг  “Д.Сүхбаатар сан”-гийн тэтгэлэгт хамруулна  гэж Ерөнхий сайд хэлснийг сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид алга ташин хүлээж авлаа.

 Дээрх сургуулийн байр 960 хүүхдийн суудалтай ч 2115 хүүхэд суралцдаг, Тэмүүлэл цогцолбор сургуулийн 2,3 дугаар байр хуучирсан, зэргэлдээ орших аймгуудтай хатуу хучилттай замаар холбогдоогүй зэрэг асуудлуудад Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу тодорхой дэмжлэг үзүүлэх болон гэдгээ Ерөнхий сайд Баруун-Урт хотын иргэдтэй уулзахдаа хэллээ.

 Засгийн газрын тэргүүний хувиар олон газар, олон арга хэмжээнд оролцдог ч хүүхэд багачуудтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсож, ярилцах нь надад хамгийн аз жаргалтай мөч байдаг гэж Ерөнхий сайд С.Батболд сургуулийн хамт олонтой уулзахдаа дотнослоо.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн дараа нь Баруун-Урт сумын ус зөөлрүүлэх байгууламжийн ажилтай танилцлав. Баруун-Уртчуудын өмнө хамгийн их тулгамдаж байсан ундны усыг цэвэршүүлэх асуудалд  Засгийн газар анхаарч, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн. Энэ дагуу 2010 оны 01 дүгээр сард улсын болон орон нутгийн төсвийн 286,0 сая төгрөгөөр цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулснаар өмнө нь байвантай гэж нэрлэгддэг байсан ус цэвэршсэнд Баруун-Урт сумын иргэд баярлаж байгаагаа Ерөнхий сайдад илэрхийлж байлаа.

 

Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа Эрүүл мэндийн нэгдлийн барилгын их засварын ажил, орчин үеийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолд оролцлоо.

Засгийн газар иргэнээ эрүүл байлгахад онцгой анхаарч хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийж байгаа гэж хэллээ. Тухайлбал сүүлийн 20 жилд эрүүл мэндийн салбарт хийгдээгүй бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж, засварын ажил хийгдэж байгааг тоо баримтаар дурдлаа. Баруун-Урт хотын эрүүл мэндийн байгууллагын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл ч энэ хүрээнд хийгдэж байгааг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

Азийн хөгжлийн банкнаас 77 сая ам.долларын зээлийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Засгийн газар энэ мөнгийг эрүүл мэндийн салбарт, ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд зарцуулж байгаа юм.

 

Энэ дагуу 2,5 тэрбум төгрөгийг хөдөө орон нутагт эмнэлэг барих, эмнэлгийн байрыг засварлах, тоног төхөөрөмж нийлүүлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх зэрэгт зарцуулж  байна. 375 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатар аймагт хүлээлгэн өгсөнд эмч, сувилагч нар баярлаж байгаагаа илэрхийллээ.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн дараа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй уулзаж ярилцлаа.

 

Ерөнхий сайдын зүүн аймгуудад ажиллах албан томилолт үргэлжилж байна. Тэрээр маргааш буюу 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.