С.Бямбацогт: УИХ-ын гишүүн бусдыг гүтгэж доромжилж болно гэсэн хууль байхгүй
2018.06.15

С.Бямбацогт: УИХ-ын гишүүн бусдыг гүтгэж доромжилж болно гэсэн хууль байхгүй

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогттой ярилцлаа.


-УИХ-аар дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Та болон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мөн дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Их хурлаас хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэхээр боллоо. Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ямар зохицуулалтуудыг суулгаж өгсөн бэ?

-Төр хариуцлагыг дээрээсээ эхлэх ёстой. Энэ миний баримталдаг зарчим. УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй, хариуцлагагүй байдал ёс суртахуунгүй нийгмийг бий болгож байна. Өөрөө хариуцлага алдчихаад, ёс зүйгүй авирлачихаад өрөөл бусдаас хууль биелүүлэхийг, ёс зүйтэй байхыг шаардах нь шударга ёсонд нийцэхгүй. Усны эх нь булингаргүй бол адаг нь булингаргүй гэж үг бий.

Тэгвэл УИХ өөрөө засаглал булингаргүй байхын эх нь булаг нь шүү дээ. Уул нь хуралдаа суудаг байх, ирцээ бүрдүүлж чуулганд оролцдог байх, саналаа биеэр өгдөг байх нь гишүүний ёс зүйн асуудал. Гэтэл энэ ёс зүйгээ уландаа гишгэж, үүнээс нь үүдэн төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болсон УИХ-ын нэр хүнд унаад байгаа учраас энэ асуудлыг хуульчлан зохицуулахаас өөр арга үлдсэнгүй. Ёс суртахууны хэм хэмжээ, хил хязгаарыг зарим гишүүд давж гишгээд байгаа учраас үүнийг Дэгийн хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн хэрэг. Ингэхгүй бол монгол төрийн нэр хүнд унаж гүйцлээ. Төрдөө итгэх итгэл алдарлаа. Энэ нь тун хортой зүйл. Үүнийг даруй засахгүй бол үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй. 

-Хуулийн төсөлд гишүүд хурууны хээгээр санал өгөхөөс эхлээд байнгын хороодын хуралдааныг хооронд нь давхцуулахгүй байхаар тусгаж байгаа юм байна. Давхцуулахгүй байх боломж байгаа юм уу?

-Биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ ирцэнд орж, саналаа өгдөг болохгүй бол хэдхэн хүн суугаад хийдэлтэй хууль батлаад явдаг ужигарсан асуудал хэзээ ч засрахгүй. Ирээгүй гишүүний өмнөөс кнопдож эрхэнд нь халддаг асуудлыг гишүүд 'төгөлдөр хуурдаж' байна гэж өхөөрдөөд яваад байж яавч таарахгүй. Энэ чинь цаагуураа иргэдийн сонголтод, цаашлаад төрийн эрхэнд халдаж байгаа хэрэг. Байнгын хороодын хуралдаан зохион байгуулалтын тухайд өөрийн тань хэлж байгаатай санал нэг байна.

Энэ бол зохион байгуулалтын асуудал. Заавал бүх байнгын хороодын хуралдааныг давхцуулж, дунд нь гишүүд алинд нь суухаа мэдэхгүй 'жороолдог' явдлыг цэгцлэх л хэрэгтэй. Нөгөө талаар гишүүд цагтаа ирдэггүй цалгар назгай байдлаас болж зарим байнгын хороодын хурал давхцдаг тал бий. Хаа хаанаа анхаарч чадвал энэ бол шийдчих боломжтой асуудал. Түүнээс биш Дэгийн хуулийн өөрчлөлтийг дэгээдэх ядмагхан шалтаг болгож болохгүй.   

-Хуулийн төслийг харж байхад өөр нэг чухал заалт нь УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хорооны хуралдаанд хоцорсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы болон байнгын хорооны хуралдсан хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол эгүүлэн татах заалт сууж байна. Гишүүдийн олонх нь хоцрох бүү хэл таслах байдал их гардаг шүү дээ. Хэрэгжих боломж хэр байгаа вэ?

-Гишүүд хөөрхий хурлаас их хоцордог юм, яах ч аргагүй таслачихдаг юм гээд долоон шалтаг тоочоод толгойг нь илээд суувал энэ хууль тогтоох байгууллагын ажил ерөөсөө сайжрахгүй. Хариуцлагын асуудлыг нь хуулиар нарийвчлан зохицуулж дээшлүүлээд ирэхээр хоцордог, хурал тасладаг асуудал алга болно гэж үзэж байна. Тухайн ээлжит чуулганы гуравны нэгд суухгүй таслах дүүрчихсэн толгойтой гишүүн арай ч гарахгүй байлгүй дээ. Гарлаа гэхэд тийм үйлдлийг нь өөгшүүлээд өмөөрөөд суух нь утгагүй.   

-Гишүүн чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурваас дээш удаа оролцоогүй бол тасалсан хоног тутмын цалинг олгохгүй байхаар тусгаж. Хүндэтгэн үзэх шалтгаан гэж яг ямар шалтгаануудыг хэлж байгаа вэ. Их хурлын гишүүдийг цалингаар нь хариуцлага тооцох боломжтой юу?

-Яагаад цалингаар нь хариуцлага тооцож болохгүй гэж. Жирийн төрийн албан хаагч, хувийн хэвшлийн ажилтан ажлаасаа хоцорсон бол цалин цавуутай нь хариуцлага ярьдаг байхад түмнийг төлөөлнө гэж төрд суучихсан гишүүнд ялгамжтай байж таарахгүй биз дээ. Хүндэтгэн үзэх шалтгааны тухайд бол хүний л амьдрал юм чнь өвдөж хавдана, гачигдал зовлон гарна. Түүнээс бусад тохиолдолд бол төр түмний өмнө хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх л ёстой шүү дээ. Түүнээс биш УИХ-ын гишүүний ажил алба бол цол чимэг, алдар гуншин биш.   

-УИХ-ын гишүүдийн байр сууриа илэрхийлэх, үгээ хэлэх, асуулт авах хугацааг нэмэх, санаатайгаар буруу хариулт өгсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцно гэх юм. Түүнчлэн албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг байхаар заалт орж байгаа нь төрийн албыг тогтворгүй болгох юм биш үү?

-Гишүүдийн үг хэлэх, асуулт асуух хугацааны тухайд янз бүрийн л хувилбар яригдаж байна. Хэлэлцүүлгийн явцад зөв шийдэлд хүрэх байх. Харин гишүүдийн асуулга, асуултад төрийн албан хаагчид зөвхөн үнэн зөв л мэдээлэл өгөх ёстой. Түүнээс биш өөх ч биш булчирхай ч биш зүйл ярьж цаг авдаг, бөөрөнхийлдөг, асуудлыг бүрхэгдүүлэх байдлаар тойрч бултах нь байж болшгүй зүйл. Энэ чинь өргөн утгаараа монголын төрийг, монголын ард түмнийг хуурч байна гэсэн үг.

Төрийн үйл ажиллагаа ил тод, хийж хэрэгжүүлж байгаа ажлынх нь мэдээлэл тодорхой байхгүй бол, түүнийг сонгосон гишүүнээрээ төлөөлүүлэн мэдэх эрхээ иргэд эдлэж чадахгүй бол төр гэж байхын учир утга алдагдана. Төрд ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжчихаад худлаа мэдээлэл өгөөд суудаг төрийн албан хаагчдад хатуу хариуцлага тооцох нь зөв.

Тийм л учраас холбогдох байгууллага албан тушаалтан УИХ-д үнэн зөв мэдээлэл өгөх ёстойг хатуу хуульчлахаар заасан. Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй бөгөөд хэрэв санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол энэ нь түүнийг огцруулах, төрийн албанаас халах хангалттай үндэслэл болно. Ажлаа хийж чаддаггүй, аргацааж буруу ташаа мэдээллээр төр түмнийг хуурдаг төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлснөөр төрийн алба тогтворгүй болно ч гэж юу байхав. Харин ч энэ нь эргээд монгол төрийнхөө дархлаа, чадамжид хэрэгтэй.   

-УИХ-ын гишүүн бусдыг гүтгэж, доромжилсон тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр болж байна. Тухайлбал, ямар хариуцлага хүлээх юм бэ?

-Хуулийн төсөлд энэ талаар тов тодорхой заасан байгаа. Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалт нэмсэн. Хууль тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байж харин ч хууль зөрчиж, бусдыг элдвээр гүтгэж доромжилж, хэрүүлийн хичээл заагаад суугаа гишүүнийг танхимаас хөөж гаргах нь зүйд нийцнэ гэж л үзэж байна.

УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг халхавчаар бусдыг гүтгэж доромжлоод сууж хэрхэвч таарахгүй. Тэгж болно гэсэн хуулийн заалт ч байхгүй. УИХ-ын гишүүн чуулган, байнгын хорооны танхимд юу ч хэлж болно гэсэн ямар ч хууль хаана ч байхгүй. Хайж олох гээд үзээрэй. Хэнийг ч гүтгэж доромжилж болно гэсэн хууль байхгүй. УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын чуулганы танхимд гүтгэж, доромжлохоос бусад асуудлаар хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж л бий. 

Би яг хуульд бичсэн үг үсгээр нь хэлж байна шүү. Тэгэхээр гүтгэх доромжлох нь бүр хууль зүйн хариуцлагатай байгаа биз. Ийм байтал тэгж эрээ цээргүй авирлаж байгаа гишүүнийг танхимаас хөөж гаргахад юу нь болохгүй гэж.

-Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлбэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Энэ заалт чинь дэмжигдэх юм уу. Гишүүдийн бүрэн эрхэд халдаж буй үйлдэл биш үү?

-Хэлэлцэж буй асуудалтай холбогдолтой үг хэлж байна уу, эсвэл хаа хамаагүй хадуурч байна уу гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч гэсэн ойлгомжтой мэдэгдэнэ биз дээ. Нөгөө бөөсний онигоо шиг ямар ч асуудал ярьсан хаа хамаагүй өөр сэдэв рүү хальж ороод хадуурч давхидаг гишүүд бий шүү дээ. Хэлэлцэж байгаа асуудалтай ямар ч холбогдолгүй зүйл ярьж цаг бардаг нөхөд нэгээр тогтохгүй байгаа. Тийм үйлдэл гаргаж буй нөхдийг яах вэ гэдгийг Дэгийн хуулиар зохицуулах нь зүйтэй.

Хэрвээ тухайн гишүүн хэлэлцэж буй асуудалтай огт холбогдолгүй асуудлаар үг хэлбэл эхлээд хуралдаан даргалагч нэг удаа сануулна, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгоно гээд биччихсэн байгаа биз. Эцсийн дүндээ энэ хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болно. Хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг бүрэн зохицуулах боломж бүрдэнэ. Цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх хууль зүйн эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүчин төгөлдөр байдал хадгалагдах, тогтвортой байх, хууль тогтоомжийн чанар сайжрахад сайнаар нөлөөлнө. Хамгийн гол нь гишүүдийн хариуцлага ёс зүйг дээшлүүлэх эрх зүйн шинэ орчин бүрдэнэ. Монгол төрийн нэр хүндэд энэ нь тустай.