2018.06.19
Ж.Бат-Эрдэнэ: "Улаанбаатар төмөр зам"-ыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж байна
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ талаараа Ж.Бат-Эрдэнэ сайд Bloomberg TV Mongolia телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
-ШХАБ-ын уулзалтын өмнөхөн ОХУ-тай дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан. Нилээд их хэмжээний хөнгөлөлт эдэлнэ гэж ярьж байгаа. Хэдий хэмжээний хөнгөлөлт эдлэх вэ?
-Монгол, Оросын санаачилга 2018 хамтарсан уулзалт саяхан боллоо. Уулзалтын үеэр нилээдгүй арга хэмжээ зохиогдсоны нэг нь хэлэлцээр. 9 сарын туршид хоорондоо ярилцаж, хэлэлцсэн. Гол зорилго нь 25 жилийн хугацаанд тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлнэ. Төмөр замын хамтын ажиллагааны нийгэмлэг гэж бий. Үүнээс гаргасан тарифаас эх суурь авч хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан. 25 жилийн хугацаанд нүүрсэнд 64 хувьтай, чингэлэг тээвэр дээр 52 хувийн хөнгөлөлт эдэлнэ.