Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг танилцууллаа
2018.06.19

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг танилцууллаа

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Авто замын хоёр түвшний уулзварын ажлуудыг тусгаж өгөх, нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөний дагуу нэгдүгээр зэрэглэл, хоёрдугаар зэрэглэлийн нийт хэдэн төрлийн замын ажил хийгдэхийг нарийвчлан оруулах, тунелийн тэмдэглэгээнүүдийг хийж өгч одоо байгаа уулзваруудыг яаж үр дүнтэйгээр замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй явуулах талаас нь сайн боловсруулах хэрэгтэй” гэв.
Мөн нийслэлийн авто замын сүлжээний мастер төлөвлөгөөг хийхдээ одоо хийгдэж байгаа, цаашид хийгдэх авто замын ажлуудтай уялдаа холбоотой гаргаж, замаа өргөтгөх, зам тавих уламжлалт аргаас илүүтэйгээр орчин үеийн шийдлүүдийг гаргаж, такси үйлчилгээ, тусгай автобусны зам зэрэг цогц төлөвлөгөөг гаргаж, хэд хэдэн хувилбартай сайжруулахыг үүрэг болголоо.

“Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-ний ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын авто зам, тээврийн сүлжээнд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгарч буй асуудлуудыг анхдагч ба хоёрдогч эх үүсвэрээс судалж улмаар ард иргэд, төрийн ба мэргэжлийн байгууллагуудын төлөвлөлтийн хүсэл эрмэлзлэлүүдийг тодорхойлж төлөвлөлтийн ажлыг хийхэд шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд гаргаж ирэх зорилготой юм.