Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
2018.06.25

Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Зөвлөгөөнөөр салбарын хэтийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн төвшин, алдаа оноог хэлэлцэж, үр дүнгээ нэгтгэн цаашид хэрэгжүүлэх бодлого зорилтоо тодорхойлсон юм. Зөвлөгөөнд төрийн өмчит болон хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 200 орчим төлөөлөгч оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн бөгөөд

“Монгол Улсын Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлд, “Монгол улсын хэмжээнд 2017 онд 6089,2 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 8933,3 мян.Гкал дулааны эрчим хүч тус тус үйлдвэрлэн боловсруулж, өмнөх оноос цахилгаан эрчим хүчний боловсруулалт 4,9 хувиар буюу 286,8 сая кВт.ц-аар, дулааны эрчим хүчний боловсруулалт 0,9 хувиар буюу 79,9 мян.Гкал-аар тус тус өссөн байна.

2017 оны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, боловсруулалтыг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл нийт дотоодын цахилгааны үйлдвэрлэлийн 95,7 хувийг дулааны цахилгаан станцууд, 4,2 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээр үлдсэн 0,1 хувийг дизель станцуудаас  үйлдвэрлэсэн байна.

Энэ нь хэрэглээний 80 хувийг хангаж байгаа ба 1522,5 сая. кВт.ц цахилгаан эрчим хүч буюу хэрэглээний 20.0 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авсан байна. Импортын хэмжээ өмнөх оноос 103,4 сая. кВт.ц-аар өсжээ. Эдгээр  статистик мэдээнүүдийг нэгтгэн харвал манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилд 5,4 хувиар буюу 390,15 сая кВт.ц-аар өссөн ба Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглэгчдийн тоо жилд дунджаар 7-8 хувийн өсөлттэй байна. 2017 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт-ын чадалтай салхин цахилгаан станц, тус бүр 10 МВт ын хүчин чадал бүхий Дарханы Хонгор, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн “Моннаран” нарны цахилгаан станцууд, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн Дулааны цахилгаан станцын 12 МВт-ын хүчин чадал бүхий 4 турбингенератор, ЦДАШ, дэд станцыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Эдгээр станцууд ашиглалтад орсноор системийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлж, нийт 1273 МВт хүчин чадалтай болоод байна.Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 34 компанийн дүнгээр 2017 онд 738.7 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олж, 752,2 тэрбум төгрөгийн зардал гарган, үндсэн үйл ажиллагаанаас 13,5 сая төгрөгийн алдагдалтай, санхүүгийн тайлан тэнцлийн дүнгээр 2,2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа” гээд салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Эрчим хүчний салбарын зохицуулалтын үр дүн, хүндрэл, цаашдын зорилт”, Үндэсний аудитын газрын дарга, МУ-ын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Эрчим хүчний салбарт хийсэн гүйцэтгэлийн аудит, цаашид анхаарвал зохих асуудлууд“,   АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Эрчим хүчний салбарт хийсэн шалгалтын дүн, цаашид анхаарвал зохих асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавив.  

Зөвлөгөөний үр дүнд зөвлөмж гаргаж, яам болон үйлдвэр, компанийн удирдлагуудад үүрэг чиглэл өгөв.

Үүнд:

Нэг.Эх үүсвэрийн чадлын дутагдлын улмаас 2018-2019 оны өвлийн их ачааллын үед үндсэн тоноглолын аливаа зогсолт хэрэглэгчдийг хязгаарлах байдалд хүргэхээр байна. Иймд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, их засварын ажлуудаа үндсэн тоноглолын найдвартай ажиллагаа хангахад чиглүүлж, өвлийн бэлтгэл ажлаа хугацаанд нь чанартай хийж дуусгах;

Хоёр.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүчний дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн батлуулж хэрэгжилтийг хангуулах;

Гурав.Эрчим хүчний салбарын өнөөгийн үйл ажиллагаандхууль эрх зүйн талаасаа гарч байгаа хүндрэлүүдийг шийдэх зорилгоор Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудын өөрчлөлтийг УИХ-аар оруулж батлуулах;

Дөрөв.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбины шинэчлэлийн эхний ээлж, Дарханы дулаан цахилгаан станцын 35 МBт-ын өргөтгөлийн ажлуудыг өвлийн оргил ачааллын өмнө дуусгах;

Тав.Дорнодын ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөлийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх, нэгдсэн системийн тогтворжилтыг хангах зорилгоор 100 МВт-аас дээш чадал бүхий  цахилгаан цэнэг хураагуурын байгууламж ашиглах;

Зургаа.Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг эрчим хүчний хэрэглээ, шаардлагад үндэслэн оновчтой байдлаар олгох, одоогоор олгосон байгаа тусгай зөвшөөрлүүдийг хэрэгжих боломж, нөхцөлтэй нь уялдуулан цэгцлэх арга хэмжээ авах;

Долоо.Сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлж, үйлдвэрлэлийн осол, аваар, саатлын тоог бууруулах;

Найм.Үндэсний аудитын газар, Авилгатай тэмцэх газрын даалгавар,  зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хууль, журмыг мөрдөж, дахин энэ төрлийн зөрчил, дутагдал гаргахгүй ажиллах;

Ес.Боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх ажлыг бүх шатанд зохион байгуулж, эрчим хүчний сургалтын баазыг бэхжүүлэх.