Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлын явц 55 хувийн гүйцэтгэлтэй байна
2025.06.16

Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлын явц 55 хувийн гүйцэтгэлтэй байна

УИХ-ын гишүүн Ч.Ундрам өнгөрөгч амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллаж Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа.

Тэрбээр уг ажлыг 2022 оны Улсын төсөвт тусган, 15.6 тэрбум төгрөгийн санхүүжилт батлуулан, 2022–2025 онд үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл нийтдээ 55%-тай явагдаж байгаа бол барилга угсралтын ажил 95%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Сүхбаатар 110/35/6 КВ-ын дэд станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж байна. Мөн Сүхбаатар–Алтанбулаг чиглэлийн 35 КВ-ын 18 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утсыг бүрэн шинэчилж, өмнөх АС50 маркын утсыг АС150 болгон сольж, дамжуулах чадварыг эрс нэмэгдүүлж байна.

Энэхүү дэд станц ашиглалтад орсноор Алтанбулаг сумын цахилгаан хангамжийн найдвартай байдал сайжирч, Чөлөөт бүсийн үйлчилгээ тэлж хөгжих таатай нөхцөл бүрдэх юм.