Гамшгийн үед ч хүүхдүүдэд боловсролыг тасралтгүй олгох ёстой
2018.07.02

Гамшгийн үед ч хүүхдүүдэд боловсролыг тасралтгүй олгох ёстой

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн Эрсдэлийг Бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр Тогтвортой хөгжлийг хангах нь” уриан доор ирэх долдугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус бага хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөө, Гамшгийн Эрсдэлийг Бууруулах чиглэлээр бүс нутгийн, улс орнуудын хүлээсэн үүрэг амлалт,авч хэрэгжүүлж буй арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэх юм. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн нэгэн чухал зүйл нь гамшгийн эрсдлээс хамгаалах боловсрол ба энэ үед хүүхэд, залуучуудыг хэрхэн хамгаалах тухай бодлого, зохицуулалт байдаг.

Сургуулийн орчинд гамшгийн эрсдэлийг бууруулах гэдэгт дараах үйл ажиллагаа орно. Үүнд, нэгдүгээрт, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүн бүрт өгөх, хоёрдугаарт, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гуравдугаарт, Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог хангах, дөрөвдүгээрт, Гамшгийн үед хүүхдэд ээлтэй орон зай бүрдүүлэх, тавдугаарт, Гамшгийн үед боловсролын үйлчилгээ үзүүлэх, зургадугаарт, Гамшгийн үед жендэрээс үүдэлтэй хүчирхийллээс сэргийлэх, долдугаарт, Гамшгийн үед төөрсөн хүүхдэд туслах, наймдугаарт, сэтгэлийн зовиуртай хүүхдэд туслах, есдүгээрт, Гамшгийн эрсдэлийг бууруулах сургуулийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх гэсэн үйл ажиллагааг нэрлэдэг.

СУРГУУЛИЙН ЦОГЦ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ ЮУ ВЭ

Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь боловсролын салбарт учирч болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэгдэнэ. Олон улсад сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны гурван тулгуур хэмээх ойлголт байдаг. Үүнд, нэгдүгээрт, Сургалтын аюулгүй орчин, хоёрдугаарт, Сургууль, боловсролын байгууллагын гамшигтай тэмцэх менежмент, гуравдугаарт, Гамшгийн аюулыг багасгах, гамшигтай тэмцэх сургалт, боловсрол гэсэн гурван үндсэн тулгууртай.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЯАГААД НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ

Хүүхдийн оролцоог утга учиртай, ёс зүйтэйгээр хангах шаардлагатай бөгөөд хүүхдийн үзэл бодлыг Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн бүхий л шатанд тусгах ёстой. Хүүхдүүд урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах болон хяналт үнэлгээ, хариуцлага тооцох тогтолцоонд гол үүрэгтэй. Ийм үйл ажиллагаанд жишээ нь, хүүхэд төвтэй,олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийн менежментэд тулгуурласан хөгжлийн төлөвлөгөө, гамшгийн дараах хэрэгцээний үнэлгээ, эрсдэл бууруулах төлөвлөгөөний хамтарсан хяналт шинжилгээ зэрэг багтана.

ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮҮХЭД ХАМГААЛАЛ: СЭТГЭЛЗҮЙН АНХНЫ ТУСЛАМЖ

Хүүхдэд зориулсан сэтгэлзүйн анхны тусламж (САТ) нь осол гэмтэл, байгалийн гамшиг, зөрчил маргаан, хүчирхийллийн улмаас хүүхдийн сэтгэлд үүсэж буй зовуурийг бууруулах, тайвшруулахад чиглэсэн аргачлал юм.

Бүх төрлийн гамшиг болон хямралын үзүүлэх сөрөг нөлөө нь насанд хүрэгчидтэй харьцуулбал хүүхдэд илүү хүнд тусдаг. Мөн хариу үйлдэл нь насанд хүрэгчдээс өөр байдаг тул хүүхдэд зориулсан САТ-ын аргачлалыг тусгайлан боловсруулсан юм. Тухайлбал, зудын гамшгийн үед малчин өрхийн хүүхдүүд гэр бүлээсээ тусгаарлагдах, үүнээс улбаалан аливаа төрлийн зүй бус харьцаа, хүчирхийлэлд өртөх магадлал ихэсдгээс гадна гэрийнхэндээ санаа зовох, тэднийгээ санах, улмаар хичээлдээ төвлөрч чадахгүйгээс хичээлээ ойлгохгүй болох, сурлага муудах, сурах дургүй болох, сургууль завсардах зэрэг сөрөг үр дагавар гардаг байна.

БОЛОВСРОЛЫН КЛАСТЕР ГЭЖ ЮУ ВЭ

Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд боловсролын салбарын зохицуулалтыг хангах бүтэц юм. Монгол улсын боловсролын кластерыг БСШУСЯ ахалж, олон улсын байгууллагуудаас НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийг Ивээх Сан, Улаан Загалмайн Нийгэмлэг зэрэг багтдаг. Гамшгийн үеийн, гамшгаас өмнөх болон дараах үеийн боловсролын чанарыг хангах, гамшигт өртсөн хүүхдүүдэд аюулгүй, хамгаалалттай орчинд боловсролын үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилготой. Хүүхдийг Ивээх Сан бол НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Монголын хүмүүнлэгийн багийн боловсролын бүлгийг даргалж ажилладгийн хувьд хүмүүнлэгийн тусламжийн ажлын голлох хувийг боловсролын салбарт хэрэгжүүлж байна.

Х.ТӨГӨЛДӨР