Монгол, Америкийн 30 орчим аврагч харилцан туршлага судлав
2018.06.04

Монгол, Америкийн 30 орчим аврагч харилцан туршлага судлав

Ховд аймагт зохион байгуулагдаж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны  үзүүлэх дадлага сургуулиар үргэлжлэн явагдлаа.

Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын хувьд томоохон гол мөрөн ихтэй учраас усны ослын дуудлагууд сүүлийн үед нэмэгдэх болсон.

Тиймээс энэ удаагийн “Говийн чоно-2018” олон улсын дадлага, сургуулийн хүрээнд урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг Ховд голд зохион байгуулж, Монгол, Америкийн аврагчидтай харилцан туршлага солилцлоо.

ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой байдлын газрын нийт 30 гаруй усчин аврагч үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж,  “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуульд оролцож байгаа Монгол, Америкийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд сонирхуулсан юм.

Энэ удаагийн сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Баруун бүсийн Онцгой байдлын газар, Ховд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгуулага,  Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагаас гадна АНУ, Франц, Балба, Шриланк, Австрали, Канад, Япон, Солонгос, Тайланд улсын элчин сайдын яамдын 650 гаруй төлөөлөгч оролцож байна.

Мөн Тайланд, Шриланк, Балба улсууд сургуулийн ажиглагчаар оролцож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.