2018.07.04
Б.Ууганбаяр: Гамшгийн эрсдлийг бууруулах тал дээр Монголд олон боломж гарч ирж байна
Монгол Улс гамшгаас хамгаалах менежментийн хүрээнд хийж буй ажлууд, өөрсдийн туршлагыг бусдад таниулан сурталчилж, хуваалцах боломж гарч ирж байна.
Манай улсад зохион байгуулж буй Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын олон улсын Бага хурал Монголд ямар үр өгөөж үр дүн үзүүлэх талаар сэтгүүлчдийн асуултанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хариулахдаа,
“Энэ бол манай улсад олдож буй том боломж. Монгол Улс гамшгийн эрсдлийг бууруулах хүрээнд Засгийн газар болон Онцгой байдлын түвшинд хийж хэрэгжүүлж буй дэвшилтэт ажлуудаа таниулан эрсдлийг бууруулах хүрээнд гарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад бусад улс орнуудтай хамтарч ажиллах олон боломж нээгдэж байна” гэв.
Тэрээр, манай улсын Онцгой байдлын байгууллагын хувьд гамшгаас аврах чадавхиа нэмэгдүүлж бэхжүүлэх, бие бүрэлдэхүүнээ сургаж бэлтгэх, мэргэжлийн экспертүүдийг урьж ажиллах, туршлагаа солилцож хуваалцах зэргээр олон талын өргөн цар хүрээнд хамтарч ажиллах боломж гарч байна. Энэ талаар Улаанбаатарт хуран цуглараад буй Азийн Шадар сайдуудын түвшинд, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын хүрээнд хамтран ажиллах санамж бичиг, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж байгуулна. Нөгөө талаар олон улсын хэмжээний ийм том хурал манай улсад зохион байгуулж байгаагийнх Монгол Улсын гамшгаас хамгаалах менежментийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлууд, Азийн орнууд дунд ижил түвшинд мөр зэрэгцэн хөгжлөөс хоцрохгүй яваа өөрсдийн туршлагыг бусдад таниулан, эх орноо давхар сурталчлах гээд олон сайхан боломж байна” гэв.
Олон улсын энэ хурлаас гамшгийн эрсдлийг бууруулах хүрээнд улс орнууд цаашид хамтарч ажиллах талаар нааштай, олон эерэг үр дүнг хүлээж байгаагаа Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага илэрхийлж байна.