Д.Оюунхорол: "Эрдэнэт Таван толгой"-н хувьцааны 30 хүртэлх хувьд IPO амжилттай гаргахын тулд Засгийн газар сайн ажиллах хэрэгтэй
2018.07.17

Д.Оюунхорол: "Эрдэнэт Таван толгой"-н хувьцааны 30 хүртэлх хувьд IPO амжилттай гаргахын тулд Засгийн газар сайн ажиллах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Энэ удаагийн хаврын чуулганы хаалттай зэрэгцээд УИХ-аас олон чухал шийдвэр гаргалаа. Тухайлбал, хүлээлт дагуулаад байсан Таван толгойг хөдөлгөхөөр болоод байна. Засгийн газар ч энэ зун амрах эрхгүй ажиллана. Намар гэхэд “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 30 хүртэлх хувьд IРО гаргахын тулд хэрхэн ажиллах ёстой вэ?

-Таван толгой бол дэлхийн хэмжээний том орд. Тийм учраас энэ баялгийг Монголын хөгжил дэвшилд, ард түмний сайн сайхан амьдралын үндэс болгох ёстой гэж ойлгож байгаа. Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нь сүүлийн найман жил улс төрийн хүрээний талцаж маргалдах сэдвийн нэг байсан. Энэ тогтоолыг баталснаар Таван толгойн ордыг олон улсын зах зээл дээр IРО гаргаж Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, иргэдийн 1072 хувьцаа амь оруулах асуудлаар Засгийн газраас оруулж ирсэн саналыг дэмжлээ. Одоо Засгийн газар энэ төсөл дээрээ ажиллаж IРО хэрхэн гаргах, бусад төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хэрэгжүүлэх, гадна дотнынхонтой яаж хамтарч ажиллах, үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр сайн ажиллах хэрэгтэй. Намрын чуулган эхлэхэд энэ асуудлаар тодорхой шийдвэрүүд гаргаж үр дүнг танилцуулах байх гэж бодож байна.

Таван толгойн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 30 хувийг арилжаалахын тулд хэд хэдэн асуудлыг нарийвчлан тодруулах шаардлагатай.

Нэгдүгээрт, ҮАБЗ-өөс Та- ван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар гаргасан шийдвэрийн төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулах ёстой. Хоёрдугаарт, Хонконгийн хөрөнгийн бирж дээр 30 хувийн IРО гаргахын тулд хууль эрх зүйн орчноо эргэж харах шаардлагатай. Гуравдугаарт, одоогийн байгаа ордын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг маш сайн хийлгэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ордын нөөцийн үнэлгээг нарийвчлан боловсруулж дахин танилцуулах шаардлагатай. Энэ бүхнийг хариуцлагатай хийж байж өгөөжтэй, үр ашигтай төсөл болно. Ийм агуулгаар нь дэмжсэн.

Мөн ордын 30 хувийг Хонконгийн хөрөнгийн бирж дээр борлуулж, босгосон мөнгөөрөө яг юу хийх вэ гэдгийг тодорхой болгох ёстой.

Дэд бүтцийн салбаруудаа илүү бэхжүүлэхэд зориулна гэж ойлгож байгаа. Концессын гэрээгээр баригдах болон бусад санхүүгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажлынхаа жагсаалтыг гаргаж ил тод болгож олон нийтэд нээлттэй танилцуулах хэрэгтэй. Усны нөөцийг хамгаалах чиглэлээр ч онцгой анхаарах ёстой. Балгасын улаан нуурын гүний усыг ашиглаж энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй. Говь шиг ус багатай газар нүүрсээ илүү зарах гээд хамаг усаа шавхаад хүн нь уух ундны усгүй, мал нь бэлчих газаргүй, элсний нүүдэл, цөлжилтөд нэрвэгдэж байгаль экологийн тэнцвэрээ алдах вий гэдгээс болгоомжлоход илүүдэхгүй. Тийм учраас гадаргын усыг ашиглах төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, илүү хурдтай, өгөөжтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Эрчим хүчний хувьд ус бага ашиглах, нар салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр инновацийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.

-“Эрдэнэс Монгол” компанийн энгийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг хувьцаа хэлбэрээр гаргаж, иргэдэд нэмж эзэмшүүлье гэсэн зарчмын саналыг сөрөг хүчин гаргасан. Харин яагаад танай бүлэг дэмжээгүй юм бэ?

-Засгийн газраас Таван толгойн ордын 30 хувийг Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргах тухай тогтоолын төслийг УИХ-д оруулж ирсэн. Үүнтэй зэрэгцүүлээд АН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн 34-өөс доошгүй хувийг иргэдэд эзэмшүүлье гэж Засгийн газрын тогтоолын төслөөс өөр агуулгатай заалтыг нэмж оруулж ирсэн учраас УИХ-ын гишүүд дэмжих боломжгүй гэж үзсэн. Тухайн оруулж ирсэн заалт нь эдийн засгийн бодит тооцоо судалгаа хийгдээгүй байсан. Таван толгойн бүлэг ордын 30 хувийг IРО хийж гаргаад эдийн засгийн эргэлтэд оруулснаар иргэдэд олгосон 1072 хувьцааг амь оруулах тухай асуудал яригдана.

МАН-ын бүлэг “Эрдэнэс Монгол” компанид харьяалагддаг стратегийн олон ордуудын 34 хувийг ард түмний нэрээр хувьчлах тухай ярьж, нарийвчилсан тооцоо судалгаагүйгээр хөнгөн гоомой шийдвэр гаргаж болохгүй гэсэн байр суурьтай байсан.

Түүнээс биш ард түмнээсээ харамласандаа тус саналыг дэмжээгүй гэсэн үг огт биш. Өнгөрсөн хугацаанд өмч хувьчлалын үр дүнг цөөн хэдэн хүн хүртсэн. Тухайлбал, өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараар тодорхой аж ахуй нэгж байгууллагуудын хувьцааг авсан иргэд маань өнөөдөр мөнгөө ч авч чадахгүй тухайн компани нь дампуураад байхгүй болчихсон, эсвэл хэсэг бүлэг хүн эзэн суусан ийм л хариуцлагагүй үзэгдэл бий болсон учир олон нийтийн дунд өмч хувьчлалын асуудлаар эргэлзээ бий болсон нь үнэн. Тиймээс өмч хувьчлалын асуудалд бид илүү хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах ёстой.

-Засгийн газраас Төрийн өмчийн 27 аж ахуйн нэгжийг хувьчлах асуудал нэлээд хардлага дагуулж байгаа. Ер нь өмч хувьчлалыг ард түмэндээ хүртээмжтэй байдлаар яаж шударга явуулах вэ?

-1995 оноос хойш 2000 орчим аж ахуйн нэгжийг хувьчилж, хэсэг бүлэг хүмүүс төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан л гэж ард түмэн үздэг. Дээр хэлсэнчлэн, улсынхаа өмчийг бух нийтээрээ хувааж авна гэсэн нэрийдлээр ягаан, цэнхэр тасалбар болгоод өмчийн талаар ямар ч ойлголтгүй ард түмэнд тарааж өгсөн.

Энэ тасалбаруудаа энд тэнд өгөх нь өгөөд сураггүй алга болгоцгоосон. Үйлдвэр аж ахуйн газрууд хаалгаа барьж ажилгүйдэл, ядуурал бодитойгоор нүүрлэсэн. Баян ядуугийн ялгаа хоёр тийш туйл болсон, ард иргэд бухимдуу байгаа энэ үед өмч хувьчлалын асуудалд маш нухацтай, хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах ёстой.

Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна, хэн ч хувьцаа худалдаж авах эрхтэй гэж байгаа ч нөгөө л хэсэг бүлэг олигархууд л авна гэсэн эргэлзээ байсаар байна.

Жирийн иргэд өнөөдөр хувьцаа авах нь бүү хэл амьжиргаагаа залгуулах орлогогүй шахуу байна. Үүнээс гадна төрд үлдсэн цөөн хэдэн аж ахуйн нэгжийн асуудлыг багцаар нь нэг дор хэлэлцэнэ гэдэг нь буруу. Үл хөдлөх хөрөнгийн, бэлэн мөнгөний үнэлгээнүүдийг нь нарийвчлан хийлгээд, аж ахуйн нэгж тус бүрээр нь хэлэлцэх хэрэгтэй. Мөн хувьчилж үл болох объектын жагсаалтаа эргэж харах, нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

-Нэлээд хэл ам дагуулсан сэдэв бол Захиргааны ерөнхий хуулийн төсөл. Энэ төсөл батлагдвал Захиргааны хэргийн шүүх татан буугдаж, Засгийн газар хүссэн шийдвэрээ гаргаж, хуулийн хариуцлага хүлээхгүй болж хувирна гээд хуульчид эсэргүүцэж, Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандсан. Харин та ямар бодолтой байна?

-Захиргааны хэргийн хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийг манай бүлгийн гишүүдийн олонх нь дэмжээгүй л дээ. Энэ хууль нь ардчиллын үнэт зүйлүүдээс ухарсан, олон хуультай зөрчилдсөн, олон түмний зүгээс бухимдал дагуулсан маргаантай хууль орж ирсэн.

Оруулж ирсэн хуулийн төслөөр Засгийн газраас эхлээд яам, агентлаг, төв орон нутгийн бүх байгууллагын эрх мэдэлтэй хүмүүсийн гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болно.

Нэг хүний буруутай шийдвэрээр иргэн, байгууллага хохирвол гомдлоо хэнд хандаж барагдуулах вэ гэх мэт маш олон асуудал үүснэ. Шүүх хяналтын байгууллага хариуцлагын тогтолцоогоо сайжруулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх хэрэгтэй. Улс төрчид хуулийн байгууллагынхныг хуулийн хүрээнд ажиллах боломжийг нь олгож өгөх ёстой гэж боддог.

-Ингэхэд та ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан. Өргөн барихад бэлэн болж байна. Өөрийн цахим хуудсандаа байршуулж иргэдийн саналыг авлаа. Мөн өнгөрсөн долоо хоногт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үнэхээр нийгмийн эрэлт хэрэгцээ болсон хууль байна гэдгийг харлаа. Цахим сүлжээгээр 1000 гаруй иргэн. байгууллагаас дэмжсэн санал ирсэн бол Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлэгт 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож хуулийн төсөлд өгөх саналаа томьёолоод бичээд ирсэн байсан нь үнэхээр ажил хэрэгч хандсаны илрэл гэж бодож байна. Бас Сонгуулийн тухай хууль болон улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа Үүнээс гадна Тендерийн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Тендерийн тухай хууль дээр ажлын хэсэг хуралдаж, зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд дараагийн хэлэлцүүлэгт бэлэн болгосон. Олон гишүүд санал хэлсэн. Дутуу баригдаад орхигдсон барилга, чанаргүй баригдаад 1-2 жил болоод бүтэн засвар хийж байгаа барилгууд байна. Мөн гүйцэтгэлийн явцад үнэ асар их өсч байгаа гээд асуудлууд олон байна. Нэг зүйлийг хэлэхэд Тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль маань төсөв батлагдаад сонгон шалгаруулалт зарлагдаад гүйцэтгэгч сонгох хүртэлх ажлыг зохицуулдаг.

Үүнээс цааших гүйцэтгэлийн чанар, хугацаа гээд бусад асуудал дээр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу холбогдох төрийн байгууллагууд хяналт, үнэлгээ хийх асуудалд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Харин энэ хуулийн өөрчлөлтөөр хэрхэн оновчтой шалгаруулалт хийх вэ гэдэг асуудлаа зөв тодорхойлж өгөхөөр ажиллаж байна. Олон асуудал дээр өөрчлөлт оруулж өгөөч гэж санал гарч байгаа. Гэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулиараа нэмэлт, өөрчлөлт оруулахаар орж ирсэн зүйл заалтынхаа хүрээнд л бид ажиллаж байна.

-Энэ хуулинд тусгагдаж байгаа зохицуулалтыг сонирхуулахгүй юу?

-Дотоодын үйлдвэрлэлээ нэн тэргүүнд дэмжих бодлого барьж байна. Жишээ нь цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, төрийн өмчит компаниудын хэрэглэдэг гутал, зөөлөн эдлэлийг худалдан авах ажиллагааг нэгтгэн дотоодын үйлдвэрлэгчдийн дунд худалдан авах ажиллагааг зохион байгуулж шалгарсан хоёроос дээш үйлдвэрлэгчтэй гурав хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд гадаадын этгээдийг оролцуулахыг хориглосон.Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна. Мөн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэхээр оруулж байгаа цаг хугацаа хэмнэх, үргүй зардал гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, ил тод нээлттэй байлгах, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдүүнчлэн захиалагч байгууллагын гомдол маргаан гаргах харилцааг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулахаар тусгасан.

-Засгийн газрыг огцруулах тухай мэдээлэл өнгөрсөн хавраас хойш явлаа. Бүлгийн хаалттай хуралдаанууд ч шөнө дүл хүртэл нэлээд ширүүн үргэлжилсэн шүү дээ?

-МАН-ын бүлэгт одоогоор фракц бүлэглэл байхгүй ээ. Нэг л бүлэг хуралдаж асуудлаа шийдвэрлэж байгаа. Асуудлуудыг хэлэлцэх явцад тал бүрээс олон ургалч үзэл бодлыг уралдуулан, бүлэг дотроо гишүүд маань дотоод ардчилалтайгаар, шүүн тунгаан ярилцдаг л даа. Засаг огцруулах тухай ямар ч яриа болоогүй. Намын бүлэг дотроо асуудлыг нэгдмэл байр суурьтай болгохын тулд зарим үед нэлээн ширүүн маргаан мэтгэлцээн болдог л доо. Үүнийг хэтэрхий дэвэргэж намын эв нэгдлийг хагалан бутаргах сонирхол зарим хүмүүст байж болох л юм. Тийм учраас бид илүү ухаантай, мэдрэмжтэй улс төр хийж хувийн ашиг, сонирхлоо ардаа орхиж, намын эв нэгдлийг зангидаж, хамтран бүтээлчээр ажиллаж, ард түмний итгэлийг даах ёстой л гэж боддог.

Манай нам задарч хэсэг бүлэглэлүүдэд хуваагдах нь улс эх орны эрх ашигт хохиролтой л доо. УИХ- ын гишүүд эрх ашгаа зөв эрэмбэлдэг байх ёстой.

-Та салбарын сайд байсан хүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-Засгийн газрын ажлыг үнэлж дүгнэхэд арай эрт байна шүү дээ. Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр болон нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлыг хийж, төрийн ажил залгамж шинж чанараараа үргэлжилж байна.

Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг зоригтойгоор эхлүүлж байна. Мөн эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулан ОУВС-гаас тавьсан хатуу заалтуудыг уян хатнаар зохицуулж хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгуулахаар боллоо. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг ч ярьж байна.

-Цахим орчинд тан руу дайрсан сөрөг мэдээллүүд их явах юм. Яагаад хариу тайлбар өгдөггүй юм бэ?

-Сошиал орчинд нэр хаяггүй, хуурамч хаягаар намайг гүтгэсэн, доромжилсон материалууд зохион байгуулалттайгаар гаргаж байгаа. Би энэ асуудлаар холбогдох хуулийн байгууллагуудад нь хандсан. Тэр бүрийн араас хөөцөлдөж тайлбар хийгээд явбал бодлого боловсруулах ажлаа хийх цаг гарахгүй. Ард түмнээ төлөөлөн сонгогдсон элчийн хувьд нийгмийн өмнө тулгамдсан олон нийтийг бухимдуулсан, эрх ашгийг нь зөрчсөн асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, зүтгэж байна даа. Зарим асуудлыг шийдвэрлэснээр олонхийн эрх ашгийг хамгаалдаг ч цөөн хэдэн хүний ашиг сонирхол хөндөгдөж байдаг. Гэсэн ч өөрийн байр сууриндаа баттай зогсч ирсэн маань сүүлийн үед цахим орчноор гүтгүүлэн доромжлуулах үндэс суурь болж байх шиг байна. Монголын ард түмний мэргэн ухаанд би итгэдэг. Хэдхэн хүний мөнгө төлж, захиалж явуулсан хуурамч мэдээлэлд иргэд, олон нийт итгэхээсээ илүүтэй бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч чадна гэдэгт эргэлздэггүй.

-Таны сонгогдсон тойрогт голдуу гэр хорооллын бүс багтдаг. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж ямар байгаа вэ?

-Манай тойрогт Баянзүрх дүүргийн Сансар, Дарь-Эх чиглэлийн зургаан хороо хамаардаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багагүй асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэ онд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орох гэж байна. Мөн Ганц худгийн амнаас орж ирдэг үерийн усыг зайлуулах хамгаалалтын далангийн барилгын ажил эхлээд явж байна. Удахгүй 48 дугаар сургуулийн спорт заалны барилгын ажил эхэлнэ. Мөн хотын даргад хүсэлт гаргаснаар замын арчилгаа, засвар, байрнуудын дээврийн засварын ажлууд, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах ажлууд хийгдэж байна. Үүнээс гадна гэр хорооллуудад иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдруулахад нэн даруй шийдвэрлэх асуудал бол гудамжны гэрэлтүүлэг, камержуулалтын асуудал. Мөн хорооны цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Эдгээр асуудлаар ХЗДХ-ийн сайдад хандаж санал, хүсэлтээ уламжилсан, удахгүй шийдэгдэх байх.

М.Мөнхцэцэг