Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018.07.20

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ

НИТХ-ын дарга С.Амарсайхан  өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ -т  ажиллалаа. Тэрээр иргэдээс ирсэн санал гомдлыг газар дээр нь  шийдвэрлэж зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэг даалгавар өгөв.

Иргэд амрах зугаалах орчин  шаардлага хангахгүй байна, утаа униар их байдаг,  гар дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүд  эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна зэрэг гомдлыг түлхүү  гаргажээ. Тиймээс НИТХ-ын дарга С.Амарсайхан, " Хууль тогтоожийн хүрээнд бүх талаас  холбогдох байгууллагуудын оролцоотойгоор шаардлагатай арга хэмжээг  яаралтай авч хэрэгжүүлж  удирдлага зохион байгуулалтын  өөрчлөлтийг хийх ёстой.  Мөн өнөөдрөөс эхлээд  НМХГ-аас  ажлын хэсэг гарч 15 чиглэлээр энэ байгууллагад  шалгалт хий.  Цөөхөн хүний эрх ашгийн төлөө бус нийт нийслэлчүүдийн  эрх ашгийн төлөө зөвшөөрөлгүй  худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлах , бодьтой үнэлэлт дүгнэлт гаргаж аюулгүй байдлыг бүрэн хангуул" гэлээ.  

Үүрэг өгсөн даруйд НМХГ-ын  ажлын хэсэг  15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэллээ.  Мөн нийслэлээс ажлын хэсэг гарч ажиллаж байгаа тул бүх чиглэлээр хяналт , шалгалтуудыг хийж байна.  Эдгээр ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үндэслэн  шаардлагатай шийдвэрүүдийг  НИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргаж үйл ажиллагаатай нь холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх юм.  

            Үндэсний цэцэрлэгт хүрээлэн  ОНӨТҮГ нь  110 ажилтантай үүнээс 24 нь харуул хамгаалалтынх үлдсэн нь ногоон байгууламжуудаа арчлах, ургуулах ажилчид байдаг байна.  Тиймээс оройн цагаар задгай худалдаа хийж байгаа иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахад хүрэлцээгүй байдаг гэж ҮЦХ-ийн дарга С.Эрдэнэтуул хэллээ.  Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг  54 аж ахуйн нэгж, хувь хүн байдаг. Эдгээрээс 20 гаруй нь ТҮЦ, үлдсэн нь хүүхдийн машин унуулах үйлчилгээ байдаг аж. Харин  шорлог зардаг иргэд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тул худалдаагаа зогсоохыг удаа дараа шаардаж байна. Гэвч эдгээр иргэд бослого хөдөлгөөн зохион байгуулах, харуул хамгаалалтынхан төдийгүй НМХГ-ын байцаагчийн биед хүртэл халдаж, гэмтээж байсан удаатай гэлээ.

 НИТХ ХМОНХТ