Ховд сумын сургууль 70 жилилйн ойн баяраа тэмдэглэлээ
Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 70 жилийн ойн баярын хурал 07 дугаар сарын 18-ны өдөр Ховд сумын Соёлын төвд боллоо. Тус сургуулийн ойн арга хэмжээнд УИХ гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, аймгийн ИТХ-ын НУБЗ-ын дарга Ч.Багдал болон сумын удирдлагууд, сургуулийн үе үеийн дарга, ахмадын төлөөлөл, гавъяат багш, ууган төгсөгчид оролцов.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди түүхт 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, сургуулийн хамт олонд аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл” дурсгалын зүйл хадгалуулав. Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Х.Базар, Б.Темирхан, С.Харахат, аймгийн ИТХ-ын даргын "Хүндэт өргөмжлөл"-өөр Х.Айжан, М.Өмирбек нарыг шагнаж урамшуулсан байна.
Түүнчлэн Ховд сумын ИТХ-ын шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулийн заалыг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Волейболын Олон Улсын хэмжээний мастер Самселхан овогтой Кенесханы нэрэмжит заал" болгожээ. Түүний үе үеийн олон шавь нар нь спортын дэвжээнд амжилт гаргаж, олны танил болсон төдийгүй волейболын спортыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.
1947 оны есдүгээр сард одоогийн сумын төвөөс хоёр км зайтай “ Замын худаг “ хэмээх газарт байгуулагдан бага сургуулиар эхлэл нь тавигджээ.
Тус сургууль нь 1965 онд найман жилийн дунд сургууль, 1990 онд 10 жилийн дунд сургууль, 2005 онд 11 жилийн дунд сургууль, 2008 онд 12 жилийн дунд сургууль болон өргөжиж хөгжиж байна.
Одоо 56 багш, ажиллагсадтай 475 сурагчтай, хоёр давхар хичээлийн байр, тохилог гурван давхар дотуур байр, хоолны газар, спорт заалтай. Эднийх аймгийн хэмжээнд бусад сургуулиудаас ялгарах нэг онцлог бол 100 хувь казах хүүхдүүд суралцдаг учраас БСШУЯ–аас баталж гаргасан 296 дугаар тушаалын казах сургалттай сургалтын төлөвлөгөөгөөр хичээл сургалт явуулж байна.
А.Бямбасүрэн