Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сараас мөрдөж эхэлнэ
2018.08.08

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сараас мөрдөж эхэлнэ

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг 11 дүгээр сараас мөрдөж эхэлнэ

Дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Тухайлбал хурдаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно” гэж тусгасан байна.

Мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.

Сүүлийн үед хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон байна.

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгажээ.

Мөн 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.

Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой гэж дүрэмд заасан байна.

Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг  үйлчлэхгүй юм байна.

“Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ. Энэ нь ийм таних тэмдэгтэй тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч таньж мэдэх давуу талтай гэж үзсэн байна.