Төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн М.Билэгт: Эмнэлэг барих гэж байхад яагаад дэмждэггүй юм болдоо гэж үнэхээр багтрах үе байсан
2018.08.13

Төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн М.Билэгт: Эмнэлэг барих гэж байхад яагаад дэмждэггүй юм болдоо гэж үнэхээр багтрах үе байсан

-Шууд л маргаантай асуудлаас яриагаа эхлэх үү. Барилга эхлэх газраа та яаж авч байсан юм бэ? Хавдрын эмнэлгийн хашаанд болохоор их хардлага сэрдлэгтэй байдаг юм билээ.

-Р.Сандуйжав, Б.Дагвадорж гэж Хавдрын эмнэлгийн хоёр гавьяат эмч эмнэлгийн барилга барина гэж эндэхийн газрыг анх авсан юм билээ. Харин Б.Дагвадоржийнх нь газар дээр одоо орон сууц баригдчихсан байгааг та харж байна. Харин Р.Сандуйжав гуай 2003 оноос хойш надтай уулзах хүртлээ буюу 2011 он хүртэл энэ газартаа эмнэлгийн байгууламж барих хөрөнгө оруулагч хайгаад л, хадгалаад хүлээгээд байж. Гэтэл 2008 онд нэг залуу энэ газар дээр эмнэлэг барина гэж ирээд газар дээр нь барилгын суурь хийчихсэн байсан.

Тэгэх тэгэхдээ эмнэлгийн барилга биш, 12 давхар орон сууцны барилгын суурь тавьчихаад “За бидний хөрөнгө энд байгаа шүү, одоо газраа шилжүүлж өг” гэсэн байдлаар тулгасан байгаа юм. Газраа нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байсан үед юм байна. Тэгэхээр нь Р.Сандуйжав гуай “Үгүй ээ, би энд орон сууц бариулахгүй, эмнэлэг л бариулах гэж энэ олон жил төлбөрийг нь төлөөд хадгалаад байж байсан юм гээд газраа шилжүүлэхгүй гурван жил хүлээлгэсэн байж. Яг энэ үед нь би холбоо барьж, Мэргэжлийн хяналтад хандаж, энэ барилгын эхлэх зөвшөөрөл, барилгын зураг төсөл байна уу, төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан уу гэдгийг судуултал байгаагүй. Мэргэжлийн хяналт ямар ч зөвшөөрөлгүй барилга эхэлсэн гэдгийг нь судлаад дүгнэлт гаргаад ирсэн. Харин би энэ суурийг хүчитгээд эмнэлэг барих боломж байна уу гэж ахин судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулж байж зөвшөөрлөө авч, газрыг худалдан авч байлаа.

-Эмнэлгийн барилгын ажил эхлэхэд асуудал гарсан уу?

-2012 онд зөвшөөрлөө олж авсны дараа олон улсын эмнэлгүүдийн менежментийг судалж байгаад Япон улсыг сонгож, тэднээс зөвлөгөө авахаар шийдсэн. Гэтэл Монголдоо хийлгэсэн барилгын зургийг минь тэд харчихаад “Өө энэ барилгын агаарын урсгал, төлөвлөлт болохгүй байна. Төлөвлөлт буруу байгаа учраас энэ эмнэлгийн барилга чинь хичнээн том байгаад ч нэмэргүй, зүгээр л араг яс” гэж хэлээд тоодоггүй шүү. Нэгэнт багананууд босчихсон байсан учраас япончуудаар дотор төлөвлөлтөөр урсгалаа зөв болгох боломжийг эрэлхийлж, тэд ч хийж чадсан.

Тухайн үед 60 гаруй настай, Япон улсад Элчин сайд хийж байсан С.Хүрэлбаатар гэж хүн надад маш их тус хүргэсэн дээ. Төслийн минь тухай сонсоод надад мэргэжлийн орчуулагч, дэлхийн 100 гаруй оронд салбартай групптэй намайг холбож өгсөн. Энэ группэд элчин сайд маань их зөв ойлгуулж байж ТЭЗҮ-гээ гаргуулах гарцыг нээж өгсөн юм. Эндээсээ бид “Капитал медика” ХХК гэж яг Японы эрүүл мэндийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг газартай холбогдож зураг төслөө үзүүлтэл “Энэ эмнэлгийн 11 мянган м.кв зай талбайг бага байна, Япон улсад хамгийн багадаа 20 мянган м.кв зай тайлбайтай байдаг” гэдэг юм. Бага зай талбайд манай технологийг нутагшуулбал их зардал гарч, өндөр өртөгтэй болдог гэсэн. Энэ асуудлыг шийдэх гэж олон ч удаа Япон явж, Япон инженерүүдийг энд авч ирэн, олон ч эмнэлэгүүдээр явж үзсэн дээ. 2012 оноос хойш зургаан жил яг л энэ асуудлаар явсаар өнөөдөр эмнэлгийн мэргэжилтэн шахуу болоод байна шүү (инээв. сурв).

-Тэгээд энэ асуудлаа шийдэж чадав уу та?

-Нэгэнт 11 мянган м.кв учраас би энэ эмнэлгийнхээ яг залгаа газрыг авч дахин шинэ эмнэлэг бариад япончуудын хэлээд байгаа тэр стандартыг тэр чигээр нь буулгахыг хүссэн. Энэ залгаа газар бол 2340 м.кв газар юм шүү дээ. 80 гаруй гараж байсныг бүгдийг нь худалдаж авч нураагаад, эмнэлгийнхээ суурийг тавьсан. Тэгэхдээ бүр эхнээс нь япончуудтай ажиллаж, яг л тэдний стандартаар явж байна. Энэ өргөтгөл 26 мянган м.кв шүү. Тиймээс ч япончууд надтай хамтран ажиллахыг зөвшөөрч, гэрээ хийгээд эхэлсэн байдаг. Ингээд өргөтгөлийн барилга 2014 оны 6 дугаар сард эхэллээ.

-Эмнэлгийн өргөтгөл баригдаж эхлэхэд нилээд шуугиан дэгдэж байсан. Яг юунаас болсон юм бэ?

-2014 онд өргөтгөлөө бариад эхлэх гэтэл “176 шүүгч амьдрах орон сууцны минь хажууд эмнэлгийн барилга барьж зүрхэлж байгаа Билэгтийг шүүгч нар яаж дарахыг хараарай” гэсэн мессэж явуулаад эхэлсэн. Тэнд ч иргэний шүүхэд нэг хэсэг нь хандаж, энд ч захиргааны хэргийн шүүхэд нэг хэсэг нь хандсанаас болоод миний ажил зогсохоос өөр аргагүй байдалд хүрсэн дээ. Эхний барилга 2015 онд ашиглалтанд орох ёстой байсан боловч шүүхийн асуудлаас болоод япончууд ч гэрээний асуудалд түдгэлзэж бүх ажил нэг ёсондоо нам зогссон. Гурван жил огт хөдөлгөөгүй.

Энэ хугацаанд өчнөөн төгрөгийн зээл авчихсан намайг юу гэж шантаажилж байсан гэхээр “Чи жилдээ нэг сая ам.долларын зээлийн хүү төлж байхаар тэр мөнгөө бидэнд өгчих, тэгвэл бид шүүх дээрх маргаанаа татаад авчихъя” гэсэн. Ингэж л хөрөнгө оруулагчдаас мөнгө салгадаг юм шүү дээ. Гэтэл би ямар сая доллараа өгөх билээ дээ. Тэгээд ч нэгэнд нь өгвөл дараагийнхд нь ч бас өгөх л хэрэг болно. Харин энэ бүхний эцэст, гурван жилийн дараа Билэгт энэ барилгыг авахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй юм байна гэдгийг шүүх нотолж гаргасан.

-Ийм хэцүү үед танд энэ асуудлыг шийдэх, төслийг тань дэмжих хүн, байгууллага байгаагүй юу Та төрд хандаж үзсэн үү?

-Би Засгийн газарт хандаж үзсэн. Хэрэв Монгол улсын Хөгжлийн банк Монгол улсад хэрэгтэй, Монголын ард түмэнд хэрэгтэй төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалтын зээл олгох зорилготой юм бол “Би ийм төсөл хэрэгжүүлж байна, ийм хэмжээнд босоод ирсэн юм” гэдэг бичгүүдийг өгч байсан. Тэд хэзээ ч “үгүй” гэж хэлдэггүй, дандаа л судла гэдэг, дэмжинэ гэдэг ч хэзээ ч мөнгө шийдэж өгч байсангүй. Арга ч үгүй биздээ, шүүхээр явж байсан үе юм. Харин энэ үед Худалдаа хөгжлийн банк л надад зээлийг минь сунгаж өгч тусладаг байсан шүү, үүнийг би цохож хэлмээр байна. Харин 2017 онд захиргааны шүүхийн шийдвэр гарч ирсэн учраас би Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтын зээлээ авах нөхцөл бүрдсэн.

-Найман жилийн хугацаанд шүүх дээр дуудагдаж, гацаанд орж, бүх зүйлээ дэнчин тавьж энэ бүхнийг хийж байхад танд мэдээж “больдог ч юм билүү” гэж бодогдох үе байсан болов уу?

-Шантрах үе маш их. Гэхдээ надад буцах зам байгаагүй. Бүхэл бүтэн барилга босчихсон, дараагийн барилгын ажил эхэлчихсэн байсан үе шүү дээ. Энэ үед монголчуудынхаа эрүүл мэндэд хувь нэмрээ оруулна гэсэн зорилгоосоо буцахыг би хүсээгүй. Хэзээ нэгэн цагт энэ ажил минь Монголчуудад үр өгөөжөө өгч, хүсэл минь биелэх болно гэж өөрийгөө тайвшруулдаг байсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд эмнэлэг барих гэж байхад яагаад дэмждэггүй юм болдоо гэж үнэхээр багтрах үе байсан. Дотор давчдаад уйлах ч үе зөндөө. Гэхдээ гагц төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэж тангараг өргөсөн төрийн албаныхан, төрийн эрх мэдэлтэй албан тушаалтнууд энэ төслийг дэмжихгүйгээр “Иргэд эсэргүүцэж байна” гэдэг шалтгаанаар гацаадаг байсан (хэсэг азнав. сурв). Энэ үед л миний хоолой зангирч, гашуу оргиж, нулимс гардаг байсан. Төрийн албан хаагч хүн ийм байдаг юм уу, ийм сэтгэлгүй хүмүүс төрд алба хашдаг юм уу гэж бодогдож, зүрхийг минь мохоож, элгийг минь эмтэлдэг. Хэдэн хүнийг ч болов амьд үлдээж, хэдэн гэр бүлийг ч болтугай элэг бүтэн амьдруулж болох, хэдэн хүнийг ч болов аз жаргалтай байлгах энэ төслийг минь дэмжээгүйд би гомдохдоо л нулимс унагадаг байсан даа. Шударга зөв сэтгэлтэй хүмүүс байлгүй л яах вэ, гэхдээ тэд тэнд үгээ хэлвэл ажлаасаа халагдана шүү дээ. Тиймээс тэд дуугүй л байдаг.

-Шулуухан асуухад та яагаад орон сууц бариагүй юм бэ? Энэ асуултыг танаас олон ч хүн асуусан байх.

-Би энэ эмнэлгийг барихын тулд ар гэрээ ч золиослож ажилласан юм шүү дээ. Хорин хэдэн жил өөрийнхөө ажиллаж байж олсон бүх зүйлээ дэнчин тавьж, энэ бүхнээ эхлүүлсэн. Нөхөр маань намайг хэцүү байдалд орж, хэдэн жилээр гацаанд ороход “Чи зүгээр л орон сууц барихгүй дээ” гэж хэлнэ. Гэтэл би яах гэж “таван” төгрөгтэй болох гэж хорин хэдэн жил зүтгэсэн юм. Хичнээн их мөнгөтэй байгаад сайхан зүйл бүтээхгүй юм бол мөнгөтэй байж яах юм. Бүх зүйл гацаанд орчихоод яах нь мэдэгдэхгүй, хэцүү байдалд байх үед би хоёр хүүхэддээ хүртэл “За та хоёрыг би боловсролтой, орон байртай болголоо. Одоо энэ компанийн ашгаас хүртэнэ гэж саналтгүй боллоо. Орон сууцуудыг чинь би өөр өөрсдийн чинь нэр дээр шилжүүлж өгье, өөр надаас харах юмгүй ч болох нь. Ээж нь хорин хэдэн жил ажилласан бүхнээрээ дэнчин тавьж, эрүүл мэндийн салбарт ийм юм хийж яваа. Хэзээ нэгэн цагт ард түмэнд хэрэгтэй юм болно байх аа” гэж хэлж байлаа.

-ТА ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭД ТУСЛААЧ ГЭСЭН-
-Хүнд хэцүү цаг үеийг туулж байж бэлэн болж байгаа эмнэлгийг тань төр авна гэсэн саналтай байгааг та мэдээж дуулсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Энэ төсөл дээр хамтраад хөрөнгө оруулалт хийе гэдэг саналууд сүүлд нилээд ирсэн. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Учир нь хурдхан бариад, мөнгө олъё гэж би энэ эмнэлгийг бариагүй. Яг л стандартын дагуу, яг л хүний төлөө эмнэлэг болоосой гэж хүсч байна. Харин Д.Сарангэрэл сайд “Энэ эмнэлгийг авч өгнө, хавдартай иргэдэд энэ эмнэлэг хэрэгтэй төсөл байна” гэж зоригтой ярьж байгаад би талархаж байгаа. Учир нь энэ хүн энэ салбарт өвчтэй иргэдэд туслах хэмжээний сэтгэл гаргаад байна шүү дээ. Өмнөх удирдлагууд харин “надад ямар ашигтай юм бэ” гэдэг өнцгөөс л хандаж байсан нь үнэн.

-Д.Сарангэрэл сайдыг ч мөн тантай үгсэж, төрд байшингаа “шахах” гэлээ гэх хардлага байна?

-Үгүй шүү дээ. 2017 оны сүүлээр хөрөнгө оруулалт шийдэгдсэний дараа 11 сар гэхэд Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд надад хүсэлт тавьж эхэлсэн байдаг. Японоос мэргэжилтнүүд эмнэлэгийн барилгын ажилтай танилцах гэж, судалгаа хийх гэж, ТЭЗҮ хийх гэж хоёр жил ирэн очин байхдаа дандаа хавдрын мэргэжлийн эмч нартай уулзаж, хуралддаг байсан. Нөгөөтэйгүүр яг дэргэд нь энэ барилга баригдаж байгаа шүү дээ. Тэр тоолонд л тэд “Ямар сайхан юм бэ” гэж уулга алдана. Ингээд л тэд “Та хавдрын эмнэлгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд туслаж энэ барилгаа өгчихөөч, үнэхээр хэрэгтэй байна.

Хэрэв төрд авчихвал өвчтөнүүд эрүүл мэндийн даатгалаараа арай хямд эмчлүүлж чадна” гэсэн. Тэгэхэд нь би “үгүй” гэж хэлэх хэцүү. Хавдрын өвчтэй хүмүүст ямар хэцүү байдгийг би өөрөө мэднэ шүү дээ. Гэтэл би энэ эмнэлгийг ийм их зүйл туулж байж бүтээсэн, би өөрөө энд нь өрөөтэй болж сууна, тэндэхийг ч ингэж зохион байгуулна гээд шалных нь хадааснаас эхлээд оролцож явсан болохоор шууд л “тийм” гэж хэлэхэд хэцүү.

Бас үлдсэн амьдралдаа дахиад ийм төсөл аваад эхлүүлж чадахгүй чби “Татгалзаж чадахгүй нь ээ” гэж хэлсэн. Тэгээд л тэд зориг гаргаад төрд хүсэлтээ өглөө гэж хэлээд, ЭМЯ-ны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргад тус тус бичиг өгсөн юм билээ. Гэтэл тун удахгүй олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Билэгт байшингаа шахах гэлээ” гэдэг мэдээллүүд гарч эхэлсэн. Ард түмэн ийм юм хийхгүй шүү дээ, захиалгаар л ийм зүйл хийсэн байх. Ингээд би Д.Сарангэрэл сайдад “Би энэ барилгыг заавал аваачээ гэж тулгаагүй шүү дээ, би болилоо” гэдэг байр сууриа хэвлэлд ярилцлага өгөөд мэдэгдчихсэн. Ингээд л ажил минь буцаад жигдэрсэн байна даа. Юу ч болсон ажлаа дуусгана, эмнэлэгийнхээ нээлтийг хийх тэр сайхан өдрийг хуруу даран, төсөөлөн хүлээж сууна. Одоо би эхний барилгаа 2018 оны есдүгээр сарын сүүлч гэхэд улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байна.