Орбис 2019 насанд хүрэгчдийн нүдний тусламж үйлчилгээний төслийг эхлүүлэхээр төлөвлөж байна
Монгол улсын Эрүүл Мэндийн Яамны урилгаар Орбис Нисдэг Нүдний Эмнэлэг 8 дахь удаагаа ирж Улаанбаатар хотноо 2018 оны 8-р сарын 12-30 хооронд гурван долоо хоногийн хөтөлбөрийг зохион байгуулах гэж байна.
Орбис Нүдний Эмнэлэг нь MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхий дээрх цорын ганц, Америкийн Нэгдсэн Улсад магадлан итгэмжлэгдсэн нүдний эмнэлэг юм. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг ба Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү Нисдэг нүдний эмнэлэг хөтөлбөр нь 2014-2019 оны Монголын Нүд Судлалын Шилдэг Загвар-Хүүхдийн Хараа хамгаалах сүлжээ төслийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж байна. Мөн Орбис 2019 насанд хүрэгчдийн нүдний тусламж үйлчилгээний төслийг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Хонконгийн Хатагтай Ho Cheuk Wai ба хатагтай Ho Cheuk Chi (Susanna) нарын хандивын тусламжтайгаар хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр нь насанд хүрэгчид ба хүүхдийн нүдний өвчнийг эмчлэх нарийн мэргэжлийн сургалтанд чиглэгдэж байна.
Хөтөлбөрийн эхний долоо хоногт ЭХЭМҮТ дээр хүүхдийн болор цайх өвчин, хялар, нүдний нөхөн сэргээх, дутуу нярайн торлогийн эмгэгийн сургалт болох ба 3-р долоо хоногт УНТЭ дээр насанд хүрэгчдийн болор цайх өвчин, нүдний даралт, торлогийн эмгэг зэрэг өвчний сургалт явагдана. Энэ хөтөлбөрөөр нүдний эмч, сувилагч, нойрсуулагч эмч, эмнэлгийн багаж төхөөрөмжийн инженер нарт зориулагдсан сургалтыг лекц, ярилцлага, мэс заслыг үзэх, гардан суралцах хэлбэрээр явуулах болно.
Энэ нь эмнэлгийн ажилчдын мэргэжлийн тасралтгүй хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Агаарын хөлөг дотор хийгдэх мэс засал, лекцийг Орбис-н цахим сургалтын төвөөр (cybersight.org) дамжуулдаг нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмч нарт мөн адил суралцах боломжийг олгож байгаа юм. Хөтөлбөрийн 2 дахь долоо хоногт Нисдэг нүдний эмнэлгийн агаарын хөлөг дотор симуляторт дадлагын сургалт явуулна.
Хамгийн орчин үеийн симуляцийн технологи, виртуал бодит байдал ба шинжлэх ухаан, мэс засал, анагаах ухааны мэдлэгийг хослуулсан шинэ симуляторт дадлагын төв нь эмч нарт мэс засал хийхийн өмнө хяналттай орчинд симулятор багажийг ашиглан нарийн ур чадварыг суралцах боломжийг олгодог. Монголын хүн амын дундах сохролын байдал 015 оны Зайлсхийж болох сохролын түргэвчилсэн судалгааны тайлангаас харахад Монгол улсад 50-иас дээш насны сохор 6,900 хүн, хүнд хэлбэрийн хараа алдалттай 6,800 хүн байна.
Тэдгээрийн 39% нь болор цайлт ба 20% нь нүдний даралт ихсэх өвчинтэй байсан байна. Мөн үүнээс гадна 15,000 хүнд сул харааны тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа нь тогтоогдсон боловч одоогийн байдлаар тэдгээр үйлчилгээ нь Монгол улсад байхгүй байна. Нэг сая хүн амд хийгдэх болрын мэс заслын тоо нь манай улсад бусад Азийн орнуудтай харьцуулахад хамгийн бага байна. Орон нутагт зөвхөн 6 аймагт болрын мэс засал хийгдэж байгаа учраас нийт мэс заслын 90%-г Улаанбаатарт хийж байна.