Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо харамсаж буйгаа илэрхийлсэн
60 тэрбумын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйсан талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
"УИХ-ын дарга 8 сарын 20 хүртэл хугацаатай "энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлж уучлалт гуйх, энэ хэргийн эвлүүлэг гэдэг үндэслэлээр хаагдсаныг дахин шалгуулах хүсэлт гаргах, ээлжит бус чуулган зарлаж 60 тэрбум болон бусад шийдэгдээгүй байгаа авилгын хэргүүдийг сонсох, АТГ-ын удирдлагуудтай хариуцлага тооцох" гэсэн шаардлагыг тавьсан.
/Шаардлагыг ЭНД дарж үзнэ үү/
Өчигдөр 18:00 цагт шаардлагын хариуг бичгээр авсан. Энэ бичигт "60 тэрбумын хэрэгтэй холбогдуулан МАН болон миний нэр хүндтэй холбогдуулан, олон нийтэд буруу ташаа ойлголт үүсэж байгаад харамсаж байна гээд Хяналтын Ерөнхий хороонд хэлэлцсэн тухай тогтоолыг хавсаргаж ирүүлсэн байна.
"Миний бие МАН-ын даргаар ажиллаж байх хугацаандаа,, мөн өнөөдөр ч гэсэн хэн нэгнээс албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй хэдий ч 60 тэрбумын гэх энэхүү хэрэгт нэр холбогдон, улмаар намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна гэсэн" гэсэн бичгээр харамсаж байгаагаа илэрхийлсэн, бичгийг ирүүлсэн байна.
Мөн энэ 7 хоногтоо Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, ээлжит бус чуулган хуралдуулах товыг тогтоохоор болсон тухайгаа хүргүүлсэн байна.
Монголын улс төрийн сүүлийн 27 жилийн түүхэнд, ялангуяа төрийн гурван өндөрлөгөөс бичгээр ч бай аль нэг хэлбэрээр харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол болж байгаа юм.
Цаашдаа бид, МАН-ын Хяналтын хорооны дүгнэлтийг харах, Ээлжит бус чуулганаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай асуудалд хандах вэ гэдэг асуудлууд нээлттэй үлдэж байгаа юм.
Миний хувьд дүгнэж хэлэхийг хүсэж байгаа зүйл бол " Манай хууль хяналтын байгууллагууд үнэхээр тогтолцооны томоохон гажуудалд орсон нь эндээс харагдаж байна. Энэ хэрэг ЭВЛҮҮЛЭГ гээд хаагдчихсан байсны та бүхэн мэднэ. Сар гаруй хугацаанд хойноос нь олон нийт хөөцөлдөөд, явсны дараа буцаад нээгдэж байна. Тэгэхээр хэрэг нээ гэхээр нээгддэг, хаа гэхээр хаагддаг ийм тогтолцооны гажуудалтай Монгол улс явж байна гэдгийг харж байна. Хамгийн чухал нь цаашид ямар ч бичлэггүй, ямар ч нотлох эд мөрийн баримтгүй бусад хэргүүд дээр ажиллах ёстой болж байгаа юм. Жишээлбэл, Стандарт банкны хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, Бондын асуудал, үүн дотор Төмөр замын ..зэрэг дуулиантай асуудлууд байгаа. Эдгээрт нэг мөр цэг тавьж явах хэрэгтэй байна.
Хамгийн сүүлийн судалгаагаар Монгол улсад Шударга ёсны хүсэмжлэлт 97 хувьд хүрсэн.
Тэгэхээр УИХ-ын гишүүддээ уриалмаар байна. Хэрэвээ үүнийг Төрийн ордны дотор талаас засаж чадахгүй бол ард түмэн гаднаас нь засахад бэлэн болсон байнаа. Цаашид олон асуудал дээр олон нийттэй хамтран ажиллах систем үүсгэх хэрэгтэй байна.
Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн өнөөдөр уулзана. Цаашид хэрхэн ажиллахаа ярилцана. Харамсаж байгаагаа бичгээр илэрхийлнэ гэдэг бол манай улсад тэр дундаа М.Энхболдоос гаргахад хэцүү шийдвэр гэж би харж байгаа. Харамсаж байгаагаа илэрхийлсэн бичгийг би тэр хүн харамсаж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Тэр хүн өөрөө тэгж ойлгохгүй байгаа бол мэдэгдэл хийх байх.