2018.08.24
Сургалтын эмнэлэг жилд 2300 орчим мэс засал хийж, 192 мянган хүнд үйлчилнэ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилга бүтээцийн үндсэн ажил дуусч, удахгүй ашиглалтанд орно. Тус эмнэлгийн менежментийг Япон улсын Токушима Их Сургуулийн Ирахара тэргүүтэй баг хийхээр болсон юм. Тэгвэл өнөөдөр дээрхи асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Токушима Их Сургуулийн Ирахара тэргүүтэй менежментийн баг болон АШУҮИС-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар өнөөг хүртэлх төслийн хэрэгжилтийн явцын талаар харилцан санал солилцож тулгамдаж буй асуудал, ялангуяа эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, эмнэлгийг ашиглалтад оруулахад чиглэсэн бэлтгэл ажлууд, хүний нөөц бүрдүүлэлт зэрэг өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх япон маягийн менежменттэй эмнэлгийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай асуудлуудын талаар ярилцлаа.