2018.09.17
Гадаадад амьдарч буй эхчүүдэд “Алдарт эх”-ийн одон олгохыг хүсэв
Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт өчигдөр боллоо. Уулзалтаар хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Монгол сургууль, монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих болон гадаадад оршин сууж буй иргэдийн хилийн чанадаас эх орныхоо хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр, боломжийн талаар хэлэлцэв.
БНСУ-д 33 мянга, АНУ-д 25 мянга орчим монголчууд ажиллаж, амьдарч байна гэсэн судалгаа бий. Хилийн чанадад 130 мянга орчим монгол ажиллаж амьдарч буй гэсэн тооноос үзэхэд нийт иргэдийн дөрөв орчим хувь хамаарч буй юм. Тиймээс тэдэнд чиглэсэн бодлого, анхаарал хандуулах шаардлагатайг УИХ- ын гишүүн Н.Учрал онцлов.