"Монгол-Хоккайдогийн бизнес форум" боллоо
2018.09.18

"Монгол-Хоккайдогийн бизнес форум" боллоо

Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой энэ жил тохиож буй. Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж ирсэн. 

Япон Улсын Засгийн газар 1991-2013 он хүртэлх хугацаанд Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлсээр өнөөдрийг хүрчээ.

Тэгвэл хоёр улсын бизнес эрхлэгчдийг өөр хооронд нь танилцуулах, үйл ажиллагааг нь харилцан сурталчлах, хамтын ажиллагааг нь эрчимжүүлэх зорилго бүхий  "Монгол-Хоккайдогийн бизнес форум" өнөөдөр /2018.09.17/ боллоо.

Форумд УИХ-ын гишүүн, Монгол-Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Л.Болд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Такэббэ Цүтомү, Япон улсаас Монголд суугаа Бүрэн эрхэт элчин сайд асан Шимүзү Такэнори, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нарын албаны хүмүүс болон Монгол, Япон улсад бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжиж, уул уурхайн салбарын зэрэгцээ, хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт тэргүүлэх технологийг нэвтрүүлж, экспортыг дэмжих замаар эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх бодлого баримталж байна. Хоккайдо дахь Монгол Улсын өргөмжит консул Ц.Такэбэгийн санаачилгаар хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг” үүсгэн байгуулагдаж, Монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой Хоккайдо мужийн компаниудыг эгнээндээ нэгтгээд байгаа нь олзуурхууштай, цаг үеэ олсон алхам болж байгааг тэмдэглэв. Түүнчлэн энэ оны 6 дугаар сард хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлсэн “Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн суурин дээр Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөхөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт “Хоёр улсын Засгийн газар нь Монгол Улстай харьцангуй төстэй уур амьсгал бүхий Япон Улсын Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн менежмент, техник хэрэгсэл, хүйтэн бүст тохирсон технологийг судлан, туршлага солилцож, тус мужийн хувийн хэвшлийнхэнтэй техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ” хэмээн тусгайлан заасан байдаг.

Уг зорилтын хүрээнд сүүлийн жилүүдэд Монгол Улс, Хоккайдо мужийн хооронд болон хоёр талын төр, хувийн хэвшлийн бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн хооронд уулзалт, форум зохион байгуулагдан тогтмолжиж, хамтын ажиллагааны агуулга гүнзгийрч, цар хүрээ улам бүр өргөжин тэлж байна.

Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Монгол Улс өөрийн “гуравдагч хөрш” Япон Улстай амжилттай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн, өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна.