"Австрали авардс" тэтгэлэгт хөтөлбөр үргэлжилнэ
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Лангтриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагаа, боловсрол, уул уурхай зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал солилцсон юм.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ӨАБНУ-д ажлын айлчлал хийсэн тухайгаа уулзалтын эхэнд дурдаад, Австрали улсад олон монгол залуус суралцаж, тэр хэрээр оюуны хөрөнгө оруулалт хийж буйд талархаж буйгаа илэрхийлэв. Энэ үеэр Элчин сайд Жон Лангтри “Австрали Авардс” тэтгэлэгт хөтөлбөрийг дөрвөн жилээр сунгаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд манай улсаас жилд 30-40 оюутан суралцах юм байна.
Үүний зэрэгцээ намууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ илэрхийлсэн юм. Ирэх онд Ардчилсан хувьсгалын 30 жил тохиож буй. Энэ хүрээнд дэлхийн “Ардчилсан холбоо”-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж буйгаа уулзалтын үеэр Элчин сайд Жон Лангтрид дуулгалаа.