ОХУ-тай байгуулсан дамжин өнгөрөх ачаа тээврийн хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ
2018.09.14

ОХУ-тай байгуулсан дамжин өнгөрөх ачаа тээврийн хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр боллоо.

Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарын үсэг зурсан.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5.-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж заасан байдаг.

Далайд гарцгүй орны хувьд дээрх зорилтыг хэрэгжүүлэх яриа хэлэлцээг хөрш орнуудтай 2009 оноос эхлүүлэн идэвхитэй хийж ирсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газартай 2014 онд “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг байгуулж, шинээр төмөр замын 4 боомт нээх, эдгээр хилийн боомтоор дамжуулан гуравдагч оронд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнээ төмөр замаар дамжуулан экспортлох квот, тээврийн хөнгөлөлттэй тариф зэрэг нөхцлүүдийг тохирсон.

Харин Оросын Холбооны Улстай 9 жил яриа хэлэлцээ хийсний үр дүнд Монгол, Оросын нутгаар төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх хэлэлцээрийг байгуулаад байна.

Хэлэлцээрийн 8 дугаар зүйлд “тус хэлэлцээрийг хүчин төгөлдөр болоход шаардлагатай дотоодын ажиллагааг талууд гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2043 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба дараах зорилтыг хангасан нөхцөлүүдийг тусгасан. Үүнд:

 

  • хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх;
  • төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;
  • төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;
  • хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих;
  • ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах;
  • Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Хэлэлцээрийн ач холбогдол:

  1. “Оросын төмөр замууд” НХН-ээс 1 жилийн хугацаагаар олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажуулах нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг юм.

/Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт авч байна/

 

  1. Бусад чиглэлийн дамжин өнгөрөх ачаа тээврийн тарифын түвшинд өөрчлөлт орсон тохиолдолд түүнтэй өрсөлдөхүйц байхаар тохиролцох боломжтой. Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин буурвал ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг мөн бууруулах бололцоотой юм.