Ази Номхон Далайн Орнуудын Клиникийн Патологич, Лабораторийн эмч нарын Нийгэмлэгийн 15-р чуулган эхэллээ
Ази Номхон Далайн Орнуудын Клиникийн Патологич, Лабораторийн эмч нарын Нийгэмлэгийн 15-р чуулган болж байна. Уг арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ.
Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын бодлого нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, орчин үеийн эмчилгээ, үйлчилгээний дэвшилтэт технологийг нотолгоонд суурилуулан нутагшуулах, технологийн төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бий болгох юм. Лаборатори, патологи чиглэлд бидний түүчээлэн барьж ажиллах эрхэм зорилго бол чадавхжсан хүний нөөц, өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологи, түүний үнэлгээ, мэдрэг болон өвөрмөц чанар сайтай урвалж оношлуур, монгол хүний онцлогт тохирсон арга аргачлалыг нэвтрүүлэх юм.
Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн салбарт олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байгаагын нэг тод жишээ нь бол “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөр юм. Бид тус хөтөлбөрийг Дэлхийн түвшинд жишиг хөтөлбөр болгон “Дэлхийн хепатитын өдөр-2018”-ыг өөрийн эх орондоо амжилттай зохион байгуулсан. Энэхүү хөтөлбөрийн амжилттай хэрэгжих үндэс суурь нь Эмгэг судлаач-патологич эмч нар, лабораторийн техникч нарын өндөр ур чадвар, ажлын хариуцлага, өдөр тутмын үйл ажиллагааны торгон мэдрэмж, чин сэтгэлд оршино. Ази Номхон Далайн Орнуудын Клиникийн Патологич, Лабораторийн эмч нарын Нийгэмлэгийн 15-р конгресс нь шинэ технологийг судлах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааны хүрээг өргөсгөх зэрэгт өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Цаашид, лабораторийн онош зүйн ухаан ба клиникийн патологийн салбарын өмнө тулгарч байгаа зорилтыг шийдвэрлэхийн тулд эрдэм шинжилгээ, инновацийн судалгааны ажлыг бид цаашид эрчимтэй хөгжүүлэхэд хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.