Нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгоно
Эрүүл мэндийн яам, Сингапур Улсын Темасек Олон улсын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Наньян Политехникийн их сургуультай хамтран хэрэгжүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаан өнөөдөр боллоо.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хөтөлбөрт хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчид болон Темасек Олон улсын сангийн Ерөнхий захирал Бенедикт Чеон, Наньян Политехникийн их сургуулийн захирал Фүн Цэ Фүүн зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Уг төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ХӨСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ СЭМҮТ, ЭМШУИС-ийн сувилахуйн сургууль, Дорноговь аймгийн сувилагчийн сургууль, нялхсын клиник сувилал зэрэг 11 эрүүл мэндийн байгууллагын 100 сувилагч болон нийгмийн хамгааллын байгууллагуудын 70 нийгмийн ажилтнууд сургалтанд хамрагдсан юм.
Энэ удаагийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг Темасек Олон улсын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр мөн Наньян Политехникийн их сургуультай хамтран 2017-2018 онд 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсан эмч мэргэжилтнүүдийн сургалтын болон байрны зардлыг Темасек Олон улсын сангийн 583,650.0 сингапур доллар (1,050,570.0 төгрөг)-ын хөрөнгөөр, суралцагсдын замын зардал болон хоолны мөнгийг Монгол Улсын улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлж хэрэгжүүллээ.
Сургалтад нийслэл болон орон нутгийн нийт 140 удирдах албан тушаалтнууд, менежерүүд, эмч мэргэжилтнүүд болон нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд хамрагдаж, Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар баримталж буй бодлого, стратеги, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, хоол тэжээлийн хөтөлбөр, хөдөлмөрийн эрүүл мэнд, орчны эрүүл мэнд, хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчин болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, тандалтын тогтолцооны талаар мэдлэг, туршлага судалсан билээ.
Сингапур улс нь газар нутгийн хэмжээ бага хэдий ч 5.6 сая хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах хот төлөвлөлтийг зөв зохион байгуулж чадсан дэлхийн шилдэг туршлагатай орон бөгөөд нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгож, үүнд засгийн газраас эхлээд төрийн бүх байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг ханган ажиллаж хүн амын эрүүл мэндээ сайжруулж байна.